Азербайжан, Армени улсууд энхийн гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-09 11:28:29

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 9 /BBC/. Азербайжан, Арменийн удирдагчид олон арван жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох зорилготой хэлэлцээрт гарын үсэг зуржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэднийг Цагаан ордонд баасан гарагт хүлээн авч уулзах үеэр энэхүү гэрээг байгуулсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч энэхүү уулзалтыг түүхэн үйл явдал гэж тодорхойлсны дараа Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар гар барьсан байна. Хоёр улс хоорондын тээврийн зарим гол замыг дахин нээж, бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг нэмэгдүүлэх хэлэлцээрийн талаар Д.Трамп хэлэхдээ, урт удаан хугацааны дараа энэхүү баримт бичгийг байгууллаа гэв.


Азербайжан, Арменийн талууд 1980-1990-ээд онд Уулын Карабахын төлөө тулалдаж, түүнээс хойших жилүүдэд нөхцөл байдал улам даамжирчээ. Уулын Карабах бол Азербайжаны нутаг дэвсгэр боловч уугуул арменичууд голчлон амьдардаг нутаг юм. Баасан гарагт Д.Трамп хэлэхдээ, Армени, Азербайжан улсууд “үүрд” тэмцлээ зогсоож, аялал жуулчлал, бизнес, дипломат харилцаагаа сэргээхээ амласан гэв. “Талууд 35 жилийн турш тулалдсан ч одоо тэд найз нөхөд болсон бөгөөд үүнийгээ удаан хугацааны турш хадгалах болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлжээ.


“Бид өнөөдөр Кавказад энх тайвныг тогтоож байна. Бид дайн, эзлэн түрэмгийлэл, цус урсгасан тэмцэлд олон жилийг алдсан” гэж И.Алиев хэлжээ. Н.Пашиняны хувьд хэлэлцээрт гарын үсэг зурсныг хоёр орны харилцааны “чухал үйл явдал” хэмээн тодорхойлсон байна. Цагаан ордны мэдэгдсэнээр, хэлэлцээрийн хүрээнд АНУ мөн дамжин өнгөрөх томоохон коридор байгуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнийг “Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын зам” гэж нэрлэх ажээ.


Д.Трамп мөн хоёр улстай эрчим хүч, технологийн худалдааг өргөжүүлэх хоёр талын гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа дайтаж буй хэд хэдэн орны хооронд энхийн гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа ажээ. 

Related news