Австралийн Холбооны Улс Палестиныг хүлээн зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-11 16:29:32

КАНБЕРРА, 2025 оны наймдугаар сарын 11 /BBC/. Австрали улс ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэж Ерөнхий сайд Энтони Албанезе мэдэгдлээИх Британи, Франц, Канад улсууд өмнө нь үүнтэй ижил мэдэгдлийг хийсэн юм. 


Э.Албанезегийн хэлснээр, цэрэггүй болгох, бүх нийтийн сонгууль явуулах, Израилын оршин тогтнох эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг амлалтуудыг Австралийн тал Палестины эрх баригчдаас авчээ. 


Хоёр улсын шийдэл нь Ойрх Дорнод дахь хүчирхийллийн мөчлөгийг эвдэж, Газын мөргөлдөөн, зовлон зүдгүүр, өлсгөлөнг зогсоох хүн төрөлхтний хамгийн шилдэг итгэл найдвар юмгэж тэрбээр өнөөдөр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.


Харин Газын зурвас дахь дайныг зогсоох шахалтад улам ихээр өртөх болоод буй Израилын тал мэдэгдэхдээ, Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь терроризмыг шагнасан үйлдэл” болно гэжээ. 


Өнгөрсөн бямба гаргаас хойш Газад өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас таван хүн амиа алдаж, нийт 217 хүн нас барсан гэж ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Түүнчлэн 2023 оноос хойш Израилын цэргийн ажиллагааны улмаас нийтдээ 61 мянга гаруй хүн амь үрэгджээ. 


2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхний үйлдсэн халдлагын хариуд Израилын тал довтолгоогоо эхлүүлсэн юм. ХАМАС-ын халдлагын үеэр 1200 орчим хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан байна.


Израилд эзлэгдсэн Баруун эрэг орчмын зарим хэсгийг хянадаг Палестины эрх баригчид өмнө нь мэдэгдэхдээ, улс орныг нь хүлээн зөвшөөрч байгаа нь ард түмний тусгаар тогтнох эрхийг дэмжиж байгааг харуулж байна гэжээ. 


Австралийн Засгийн газар Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасаас "ХАМАС шинэ улсад ямар ч үүрэг гүйцэтгэхгүй" гэсэн амлалт авсны дараа ийм шийдвэр гаргасан гэж Э.Албанезе хэлсэн байнаСүүлийн 14 хоногийн хугацаанд Их Британи, Франц, Шинэ Зеланд, Японы эрх баригчидтай хэлэлцэж ярилцсаны дараа ийм алхам хийснийг тэрбээр нэмж хэлжээ.


Өнгөрсөн онд Испани, Ирланд, Норвег улсууд Палестиныг улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэхүү шийдвэр нь ХАМАС болон Израилын хооронд гал зогсооход тус дөхөм болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.


Палестин улсыг одоогоор НҮБ-ын 193 гишүүн улсын 147 нь хүлээн зөвшөөрөөд байна. Палестин нь НҮБ-д байнгын ажиглагч улсын статустай бөгөөд үйл ажиллагаанд оролцдог боловч санал өгөх эрхгүй юм.



Related news