ӨМНӨГОВЬ: Дэлхийн аваргын тэмцээнээс тамирчид 11 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-05 15:35:21

Өмнөговь/МОНЦАМЭ/ Унгар улсын Будапешт хотод 2022 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд “Hungurian Sport Kempo Federation” холбооноос зохион байгуулсан холимог тулаан, кик боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 

Тус тэмцээнд Өмнөговь аймгийн “Юлтимакс” холимог тулааны холбооноос дасгалжуулагч багш, Холимог тулааны дэлхийн аварга Н.Тайван-Ертөнц, Шин жиссеэйн каратегийн дэлхийн аварга Р.Эрхэмбаяр, Холимог тулааны дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин Ц.Эрдэнэбаяр нарын 3 тамирчин оролцож тус бүр 4 төрөлд өрсөлдөн нийтдээ 11 медаль хүртэж үнэмлэхүй амжилт гаргалаа.


Юлтимкс холимог тулааны тамирчин ЕБ-ын 3-р сургуулийн 11в ангийн сурагч Рэнчинсэнгийн Эрхэмбаяр холимог тулааны 16-17 насны 58 кг жингийн төрөлд алтан медаль, Кик боксын төрөлд алтан медаль, Жюү жицүгийн төрөлд алтан медаль, No ginii төрөлд алтан медаль, Юлтимкс холимог тулааны холбооны багш, дасгалжуулагч Нарантуяагийн Тайван-Ертөнц Кик боксын төрөлд алтан медаль, Холимог тулааны төрөлд мөнгөн медаль, Жюү жицүгийн төрөлд мөнгөн медаль, No ginii төрөлд хүрэл медаль хүртсэн бол Юлтимкс холимог тулааны тамирчин Цолмонгийн Эрдэнэбаяр Кик боксын 71 кг жингийн төрөлд алтан медаль, Холимог тулааны төрлөөр мөнгөн медаль, Жюү жицүгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн бахархам амжилт гаргажээ.


Өмнөговь аймгийн "Юлтимакс" холимог тулааны холбоо нь 2022 онд тасралтгүй бэлтгэл сургуулиа хийж, хүүхэд залуусыг бэлтгэн бүс нутаг, олон улсын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, нийтдээ 53 медалийг сум, орон нутагтаа авчраад байгаа юм.

Related news