Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-24 18:50:51

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо.

Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.  Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа юм.

Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлнэ

Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Товч мэдээ

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэв.

-Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart oil investment limited” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг  тус газрын дарга Б.Баатарцогтод олголоо.

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төслийг  УИХ баталбал мөрдөж эхлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох саналыг уламжлахаар тогтлоо.

-Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж танилцуулахыг түүнд даалгалаа.-ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Малын эдгээр өвчний гаралт, тархалтын талаар яаралтай судалж,  хуулийн тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news