ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээж авах улсын комисс ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг хангах, оролцоог сайжруулах төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга барьж хүлээн авах улсын комисс ажиллав.
Комиссын бүрэлдэхүүнд захиалагч талаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төлөөлөл, зураг төсөл зохиогч “Эм эс эл” ХХК-ийн төлөөлөл, гүйцэтгэгч талаас “Би энд би” констракшн ХХК-ийн төлөөлөл, ашиглагч талаас Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон аймгийн ЗДТГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төлөөлөл зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.
Тус төвийн барилга ашиглалтад орсноор 30 гаруй ажлын байр бий болох юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд 7000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тоон үзүүлэлт байдаг бол 512 нь хүүхэд юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нь эрт оношилгоо, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах, ажил эрхлэх боломжийг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, оролцуулах, эрх тэгш мэдлэгжүүлэхэд тохиолдож буй саадыг арилгах зорилготой ажээ.