СҮХБААТАР: Жаахан шарга театрын өвөл цагийн нээлт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-14 11:48:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жаахан шарга хөгжимт жүжгийн театрын 34 дэх удаагийн өвөл цагийн нээлтийн тоглолтууд үзэгч олны халуун алга ташилт дор амжилттай боллоо. Нээлтийн тоглолтуудыг нийт 1500 гаруй үзэгч үзэж сонирхжээ.


Өвөл цагийн нээлт, Соёлын бүтээлч сарын хүрээнд тус хамт олон "Шүтээн болсон тал мину" тоглолт, СТА, найруулагч З.Далайгийн бүтээл "Гоолингоо" рок мюзикл, АБТА Т.Жамъянсүрэнгийн зохиол, СТА Д.Болортуяагийн найруулга "Тэрх нуурын дэгдээхэй" хүүхдийн жүжиг мөн "TEDx BaruunUrt - Театр насан туршдаа суралцахуй" илтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


"Шүтээн болсон тал мину" тоглолтыг Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн хүрээнд найруулан тавьсан бөгөөд орон нутгийн түүх, өв соёл, онцлогийг илтгэсэн бүрэн хэмжээний тоглолт юм. Уг тоглолт орон нутаг төдийгүй Улаанбаатар хотын үзэгчдээс өндөр үнэлгээг аваад буй.


"Гоолингоо" рок мюзикл нь "Гэгээн муза-16" наадмын хөгжимт драмын төрөлд нэр дэвшин Шилдэг тайзны зураач, Шүүгчдийн нэрэмжит гэсэн хос алтан цомыг хүртсэн бүтээл билээ. Орон нутгийн урлагийн байгууллагын өнгө үзэмж, уран бүтээлчдийн ур чадварыг шинэ түвшинд гаргаад зогсохгүй үзэгч олонд ч урлагийн шинэ төрөл жанрыг орон нутгийн тайзнаа тоглож болдог гэдгийг харуулсан шинэ бүтээл бол Гоолингоо жүжиг юм.


Жаахан шарга театр өвөл цагийн нээлтийн хүрээнд бүх насныханд зориулсан ажил, үйл ажиллагаа явуулахыг зорьжээ. Тодруулбал, өсвөр насны хүүхдүүдийн оролцоотойгоор "TEDx BaruunUrt - Театр насан туршдаа суралцахуй" илтгэлийн үйл ажиллагааг аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан юм.

Тус үйл ажиллагаа нь өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодол, дотоод ертөнцийг үе тэнгийнхэн болон насанд хүрэгчдэд, шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэхийг зорьсноороо онцлог. Энэ үеэр Жаахан шарга театрын Ерөнхий найруулагч У.Эрдэнэбаяр модератор, зочин илтгэгчээр оролцож, концертмейстер О.Энхмөнх урилгаар уран бүтээлээ хүргэсэн нь бас нэгэн чимэг байлаа.


Харин "Тэрх нуурын дэгдээхэй" жүжиг нь дан ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчид оролцон тоглосноороо онцлог бөгөөд хүүхдийн авьяас ур чадварыг нээх, гоо зүйн хүмүүжил олгоход чиглэсэн бүтээл болжээ. 

Related news