ЗАВХАН: Багш нарыг ажлын байран дээрээ тав тухтай ажиллах боломжоор хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-05 15:29:31

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 1685 багш ажиллагсад ажиллаж байна.

Эдгээрийн 930 нь үндсэн багш юм. 2017 оноос хойш үндсэн багшийн тоо 36-аар нэмэгджээ. Харин төрийн өмчийн 38, хувийн өмчийн дөрөв, нийт 42 цэцэрлэгт 720 багш ажилчид ажиллаж байгаагийн 204 нь үндсэн багш, бүлгийн багш 180, туслах багш 180, хөгжмийн багш 23, биеийн тамирын багш нэг ажиллаж байна.

Завхан аймгийн хэмжээнд ажиллаж байгаа нийт багш нарын 19.4 хувь нь магистр, 73.3 хувь нь бакалавр, 7.3 хувь нь дипломын боловсролтой багш нар ажиллаж байна. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын нэг багшид ногдох хүүхдийн тоо 35-39 байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 29 хүүхэд ногдож, нэг багшид ногдох оюутны тоо 10 хүрэхгүй байна. Завхан аймгийн хэмжээнд 27.2 мянган хүн ажил эрхэлж байна. Энэ нь өмнөх оноос буюу 10.8 хувиар буюу 3.3 мянган хүнээр буурчээ. Үүний 10 орчим хувь нь боловсролын салбарт ажиллаж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Ташрамд Завхан аймаг 2022-2023 оны хичээлийн жилд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн 40 хувийг боловсролын салбарт зарцуулан ажиллаж байгаа. Мөн багш нарыг ажлын байрандаа удаан хугацаагаар, тав тухтай ажиллахад нь дэмжлэг үзүүлж, “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд багш хөгжлийн төвийг сургууль бүрт байгуулахаар 2021 оноос эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 17 сургууль багш хөгжлийн төвтэй болжээ.

Түүнчлэн орон нутагт ажиллаж байгаа шинэ залуу багш нарыг дэмжих, ахмад багш нараас суралцах, багшийг ажлын бус цагаараа хөгжих боломжоор нь хангах, шаардлагатай техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангах. Багш нарын ур чадварыг дээшлүүлэх, амжилтыг нь бодитоор үнэлж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилготой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгав. 

Related news