Х.ЗАУРЕШ: Эмэгтэйчүүдийн манлайлал өөртөө итгэх итгэлээс эхэлдэг

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-03 11:14:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ төрийн бус байгууллагууд хамтран “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-г зохион байгуулах, шат шатны сонгуульд нэр дэвшихээр горилж буй эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын цогц хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлээр хийж байгаа аж.

Нөлөөллийн ажлын талаар Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний Баян-Өлгий аймаг дахь дугуйлангийн зохицуулагч Х.Заурештэй уулзаж ярилцлаа.


- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу.


- Намайг Х.Зауреш гэдэг. Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн Баян-Өлгий аймаг дахь дугуйлангийн зохицуулагчаар ажиллаж байна. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд чиглэн ажилладаг эрх зүйч мэргэжилтэй, хүний эрхийн активист.


- Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ гэхээр их содон сонсогдож байна. Сүлжээнийхээ талаар тайлбарлаач?


- Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ нь шат шатны сонгуульд нэр дэвшихээр горилж буй эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий цогц хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн хамтын нөлөөлөл өрнүүлэх ажлыг зохион байгуулдаг. Энэхүү сүлжээ нь “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ төрийн бус байгууллагуудын консорциум болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Сүлжээний зорилго нь манлайлагч эмэгтэйчүүдийг улс төрд татан оруулах, шийдвэр гаргах түвшний албан тушаалд горилох, улс төрийн сонгуульд нэр дэвших, улмаар иргэдийн итгэлийг хүлээн хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлын зарчимд нийцсэн, тогтвортой хөгжлийн зорилгыг тээсэн бодлогын санаачилгуудыг манлайлан хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг мэдээлэл, ур чадвар, эв санааны нэгдэл, хамтын нөлөөллийн олон талт дэмжлэг үзүүлэх орчин, тулах цэг байх юм.


- Сүлжээ өмнөх жилүүдэд, мөн өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн ямар хэрэгцээнд тулгуурлаж, анхаарч ажиллаж байсан вэ?


- Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ нь өнгөрсөн жил манлайлагч эмэгтэйчүүдийн хамтын орон зайг бий болгоход илүү анхаарч ажилласан. Энэ жил буюу 2022 оноос эмэгтэй манлайлагчдын нийгэм дэх үр нөлөө, амжилт, улс төрийн зорилгыг сурталчлан таниулах, шинээр улс төрд орж ирэх болон сонгогчдод урам зориг өгөх дүр төрхүүдийг тодруулж харуулах, манлайлагч эмэгтэйчүүдийг олноор нийгэмд төрүүлэх зорилготой ажиллаж байна. Ер нь өргөн суурьтай хүрээлэл үүсгэж, нэгдмэл нөлөөллийг бий болгоход илүү анхаарч байгаа.  Ялангуяа хөдөө, орон нутагт амьдарч буй бүх насны эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог хангах үүднээс үндэсний хэмжээнд хүрч ажиллах нь чухал байна.


- Үндэсний хэмжээнд, өргөн хүрээтэй ажиллах зорилгынхоо хүрээнд Баян-Өлгий аймагт дугуйлан байгуулагдсан гэж ойлгож байна. Дугуйлангийнхаа талаар мэдээлэл өгөхгүй юу.


- Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний дугуйланг Баян-Өлгий аймагт энэ онд байгуулсан. Энэ дугуйлан нь эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний орон нутаг дахь холбогч суваг болж байгаагаараа онцлогтой. Дугуйлан маань сүлжээний бодлого, стратеги, үйл ажиллагааг орон нутгийн эмэгтэйчүүдэд хүргэж ажиллаж байна. Хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих, гишүүнчлэлийг тэлэх нэг суваг нь байх нь бидний гол зорилго юм.


- Улс төрийн намуудыг ажиглахад байхад эмэгтэйчүүдийн манлайллын талаар нэлээн ярих болжээ. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ аль нэг улс төрийн хүчний харьяалалд багтдаг уу?


- Манай сүлжээ аль нэг нам, эвсэлд хамаардаггүй. Үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулж, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг үүсгэж байгаагийн хувьд намын харьяалалд орох нь утгагүй асуудал. Харин бид нам харгалзахгүйгээр манлайлагч эмэгтэйчүүдээ дэмжин ажилладаг дундын талбар болдог. Улс төрд орох хүсэлтэй, шийдвэр гаргах түвшин ажиллах сонирхолтой эмэгтэйчүүдийг сүлжээндээ татан оруулж дэмжлэг үзүүлж, тулах цэг байхаар зорин ажиллаж байна. Нэг үгээр хэлэхэд дугуйлан маань намын гишүүнчлэл болон нам гишүүн бус эсэхийг үл харгалзан шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх, цаашлаад улс төрд манлайлан ажиллах сонирхолтой эмэгтэйчүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулахыг эрмэлздэг.


- Баян-Өлгий аймаг дахь эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний дугуйлан бодит ямар ажил хийв?


- Юуны түрүүнд орон нутгийн эмэгтэйчүүд хоорондоо туршлага солилцох, харилцан суралцах амьд, чөлөөт, хамтын орон зай байхыг илүүд үздэг. Зөвхөн нэг талаас буюу сүлжээний зүгээс сургалт явуулахаас илүүтэй эмэгтэйчүүд маань хоорондоо туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар гарц гаргалгаагаа олж харах нь илүү зүйтэй гэж хардаг. Эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмжих, хүйсээс шалтгаалан тулгарч буй нийтлэг асуудлуудаа ярилцах нь нэн чухал. Дугуйлан маань орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нь хурцлах, дэмжлэгийн сүлжээ үүсгэх, хүрээллээ тэлэх, харилцан суралцах, туршлага солилцох, нөөц боломж, мэдлэг мэдээллээ хуваалцах боломж олгодог итгэлцэл бүхий орон зайг үүсгэхэд чиглэсэн ажлуудыг хийж байна. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүнчлэл нь зорилго нэгт бүх эмэгтэйчүүдэд нээлттэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг чухалчлан үздэг, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг үйл ажиллагаандаа оролцуулахыг хичээж байна. Энэ ташрамыг ашиглаж орон нутгийн түвшинд сонгуульт албан тушаал хашиж буй болон улс төрийн албан тушаал эрхэлдэг, цаашид УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших боломжтой манлайлагч эмэгтэйчүүдийг дугуйлангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бусад эмэгтэйчүүддээ дэмжлэг үзүүлээрэй, туршлага солилцоорой гэж уриалмаар байна. Дугуйлан маань өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймаг дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх үнэлгээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн төвийн, алслагдсан багийн болон сумдаас 40 гаруй эмэгтэй ирж оролцсон. Энэхүү хэлэлцүүлэг маань 2 үе шатаар явагдсан бөгөөд эхнийх нь миний дээр дурдсанчлан өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ байсан. Дараагийн хэсэг нь “Гайхмаа гайхахаа больсон нь” буюу улс төрд хөл тавьж буюу эмэгтэйчүүдэд хандсан хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж чадлаа.


- Манай аймгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг гол асуудлыг юу гэж харж байна вэ?


- Хэлэлцүүлгээс гарсан бодит дүр зургийг хэлж өгье. Дараах асуудлууд Баян-Өлгийн эмэгтэйчүүдийн манлайлалд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн. Тухайлбал, нам дотор байр сууриа олох, гэр бүл, ар гэрийн дэмжлэг, санхүүгийн бэрхшээл, эмэгтэйчүүдийг хооронд нь өрсөлдүүлэх, нэг омгийн дундах өрсөлдөөн, нам дотор танигдсан байдал, намын дотоод ардчилал, эмэгтэйчүүд бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй байх явдал, нийгмийн хэвшмэл ойлголт, Улс төрийн намын тухай хуульд тусгагдсан квот хангалтгүй байгаа, эмэгтэй хүний өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй, зориггүй байдал зэрэг юм.


- Таны хувьд эмэгтэйчүүдийн манлайлал юунаас эхлэх ёстой хэмээн үздэг вэ?


- Хамгийн түрүүнд тухайн эмэгтэй хүн өөрийгөө манлайлагч болно гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд өөртөө итгэх итгэл л тулах цэг юм гэж хардаг. Ихэнх эмэгтэйчүүд би чадахгүй, надаас хол зүйл гэж өөрийгөө хайрцаглах тал их ажиглагддаг. Энэ үзлээ л өөрөөсөө холдуулж чадвал манлайлагч болох эхний алхмаа тавьж чадлаа гэж хараарай. Улс төрийн манлайллыг холоос хайх хэрэггүй. Гэр бүлээсээ, гэрийн ажлаа хувааж хийхээс эхэл. Гэрийн цаг наргүй үргэлжлэх их ажлыг хуваалцаж хөнгөвчлөөд ирэхээр өөртөө зарцуулах цаг завтай болно. Агуу бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг дээ.


- Баярлалаа. Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болж манлайллын хөтөлбөрт хамрагдан, эмэгтэйчүүдээ өөдрөг, гэгээлэг ирээдүйд уриалж байгаад талархал илэрхийлье. 

Related news