Бүх шатны төсвийн байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцан хэлтсийн дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалинг бууруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Ингэхдээ нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болсон байна. Мөн эдгээр албан тушаалтны нэг урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоосон байна.
Энэ шийдвэртэй холбогдуулан цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн түвшинд шинэчлэхийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатад үүрэг болгожээ.
Үүнээс гадна Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл дараах арга хэмжээг авахыг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч Засгийн газраас тогтоол баталсан байна. Үүнд,
1. Өнөөдрөөс эхлэн бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх.
2. Наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох.
3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх. 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болжээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Н.Гантуяа