Нянгийн үзүүлэлт өндөр гарсан 507 тонн махыг устгуулах шаардлага хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-09-07 13:47:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ.


Энэ тухай МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэхдээ,Хамтарсан шалгалтаар нийт 49 аж ахуйн нэгжийн агуулахад хадгалагдаж буй 14037.18 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн. Улмаар,


1. БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгжийн 6590.6 тонн үхэр, хонь, ямааны мах нь стандартын шаардлагыг хангаж байгаа тул экспортлох үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт танилцуулж, шийдвэрлүүлсэн.


2. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлгүй 7 аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541.5 тонн үхэр, хонь, ямааны мах, 16 аж ахуйн нэгжийн 1756 тонн ангилан савласан адууны махтай холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газарт шилжүүлсэн.


3.Найман аж ахуйн нэгжийн агуулахад хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507.08 тонн мах лабораторийн шинжилгээгээр нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан тул хураан авч, зохих журмын дагуу шийдвэр гаргах, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.


4.Хяналт шалгалтаар холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, эрх бүхий албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 23 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 16 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан байна.

Цагдаагийн байгууллагаас нэг аж ахуйн нэгжид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн тэрбээр, “Нэг талдаа төрийн хяналт буюу мэргэжлийн хяналт чухал. Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлага, дотоод хяналт маш чухал. Хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажиллах шаардлагатай. Ер нь цаашид бид уламжлалт хандлагаараа яваад байх юм уу, бизнес эрхэлж байгаа хэдэн аж ахуйн нэгжийн шүүмжлэлээс айгаад зогсоод байх юм уу. Нийт 3.5 сая хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хамгаалах юм уу. Энэ асуудалд бид шийдвэртэй арга хэмжээ авч ажиллана. Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал” хэмээв.




Related news