Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 10 дугаар сард зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны зөвлөлөөс энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтыг 10 дахь удаагаа аравдугаар сарын 22-24-нд зохион байгуулахаар товложээ.
Шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө товыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахаар хуульд заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Монголын Хуульчдын холбооны тамгын газрын дарга
Ш.Жолбарс: Хуульчийн мэргэжлийн шалгалт хуульчийн мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг
хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх
хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой. Тус шалгалтад
эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд
мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг. Шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон
сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж
шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр зохион байгуулдаг.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Т.Мөнх-Эрдэнэ: Энэхүү шалгалт шалгуулагчийн эрх зүйн онолын болон практик мэдлэгийг үнэлэхээс гадна хууль хэрэглээний чадвар, асуудлыг дүн шинжилж, зөв шийдвэр гаргах логик сэтгэлгээ, олон хувилбараас зөвийг сонгох чадвар, хуульчийн ёс зүйг тодорхой хэмжээгээр сорьдог иж бүрэн үнэлгээ юм. “Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго-2025” гарын авлагын агуулгыг шинэчилсэн.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл https://burtgel.mglbar.mn/ хаягаар явагдах бөгөөд энэ оны наймдугаар сарын 8-наас есдүгээр сарын 21-ний 24:00 цагт хаагдана. Шалгалтад оролцогчдод зориулсан бодлого бодох аргачлалын сургалт есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 4-нийг хүртэл 5 долоо хоног үргэлжлэх юм.
Ташрамд дурдахад, 2022 онд 1228 иргэн шалгалтад оролцсоноос 371 нь, 2023 онд 1200 иргэн шалгалтад оролцсоноос 203 нь, 2024 онд 1146 хүн шалгалт өгснөөс 205 нь тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авчээ.