АРХАНГАЙ: Аймаг орлогын төлөвлөгөөгөө 100.5 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-18 19:22:32

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2022 оны 6 дугаар сард аймгийн төсөвт 16.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 16.1 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 100.5 хувиар  биелүүлжээ.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 7.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 7.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлсэн байна.

Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Батцэнгэл, Эрдэнэбулган, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт, Өлзийт, Өндөр-Улаан, Чулуут, сумдаас бусад сумд 109.6- 179.6 хувиар давуулан биелүүлсэн байна.  

Аймгийн төсвийн орлогын 55.2 хувийг тусламжийн орлогоор, 23.8 хувийг орлогын албан татвараар, 6.1 хувийг хөрөнгийн албан татвараар, 9.1 хувийг бусад албан татвараар, 5.6 хувийг татварын бус орлогоор, 0.3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл малын тоо толгойн албан татвар, бууны албан татвар, хөрөнгийн орлого, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр, рашааны нөөц ашигласны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс бусад нэрийн орлогыг 118.8  хувиас 36 дахин давуулан биелүүлсэн байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 489.7 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 859.1 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 31.4 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 3.3 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.6 сая төгрөг бүгд 1.4 тэрбум төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 100.8 хувиар биелүүлжээ.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээг 17.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс  13.7 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, төлөвлөгөөний биелэлт 79.3 хувь байна. Нийт зарлагаас 45.1 хувийг цалин хөлсөнд, 5.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 49.4 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.

Орон нутгийн төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 62.3 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 35.1 хувийг боловсролын салбарт, 2.6 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна.


Related news