АРХАНГАЙ: Улс орны далбаа бүхий парадаар нээлтийн үйл ажиллагаа эхлэв
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. MAS Wrestling VII дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 8-р сарын 1-ний орой 21.00 цагт Архангай аймгийн АРА цогцолборт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ARA цогцолборт зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна.
Нээлтийн ажиллагаа морьтны жагсаал, шүүгчдийн бүрэлдэхүүн, улсуудын парад, тамирчдын танилцуулгаар эхэлсэн.
Тус тэмцээнийг Якутын үндэсний спортын нэг болох мас-рестлингийг дэлхийн тавцанд сурталчлах, олон улсын спортын найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Олон Улсын Мас-рестлингийн Холбооны Ерөнхийлөгч Александр Акимов, Саха Улсын Ил Түмэний Дарга Алексей Еремеев, Монголын Мас-рестлингийн Холбооны Ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн болон төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид үг хэлж, тэмцээний ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Мас-рестлинг бол зөвхөн биеийн хүч чадлыг сорих төдий бус, үндэстнүүдийн хоорондын хүндлэл, эв найрамдлын спорт болохыг оролцогчид онцолж байв.
Монгол Улсад анх удаа орон нутагт зохион байгуулж буй дэлхийн аваргын тэмцээн гэдгээрээ энэ удаагийн арга хэмжээ түүхэн ач холбогдолтой юм.
Нээлтийн үеэр 45 шүүгчээс бүрдсэн олон улсын бүрэлдэхүүн, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, багийн дасгалжуулагчид, албаны хүмүүс парадын жигүүрийг бүрдүүлж, Монголын баг хамгийн сүүлд зохион байгуулагч орноор орж ирсэн юм.
Үйл ажиллагааны оргил хэсэгт спорт, эв нэгдэл, уламжлалын илэрхийлэл болсон бамбарын гал асаах ёслол болсон. Энэхүү галыг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, спортын мастер Б.Эрмүүнзаяа, хүүхдийн зуны наадмын шилдэг багийн төлөөлөл болсон өсвөрийн тамирчид асааж, тэмцээний галыг бадраалаа.
Албан ёсны нээлтийн дараа “Хүннү Хаан” урлагийн тоглолтыг англи хэлээр толилуулсан нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, тамирчид Монголын соёл, уламжлалтай танилцах боломжийг бий болгож өгсөн юм.















