АНУ Оросын зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-28 12:27:59

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ-тай худалдааны хэвийн харилцааг түр зогсоосонтой холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа тус улсын импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын хэмжээг 35 хувь хүртэл нэмсэн тухай Цагаан ордон мэдээлжээ.  


Холбогдох баримт бичиг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт гарын үсэг зурсан байна. 


"АНУ-ын Конгресс ОХУ-ын худалдааны хамгийн тааламжтай нөхцөлд оролцогч орны статусыг хассан тул Ерөнхийлөгч Байден "Оросоос импортлохыг одоогоор хориглоогүй байгаа зарим бараа бүтээгдэгдэхүүний татварын хэмжээг 35 хувьд хүргэж нэмэгдүүлэх нь үндэслэлтэй бөгөөд АНУ-ын гадаад бодлогын ашиг сонирхолд нийцнэ гэж үзлээ" гэж баримт бичигт тэмдэглэжээ. Цагаан ордон татварыг нь нэмсэн бараа бүтээгдэхүүний жагсаалт бүхий баримт бичгийн хавсралтыг одоогоор нийтлээгүй байна. АНУ ОХУ-аас 2.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 570 гаруй нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэж Цагаан ордон өмнө нь даваа гарагт мэдээлжээ. 


ОХУ, Беларусь улстай худалдааны хэвийн харилцааг зогсоох, мөн Украины байдалтай холбогдуулан ОХУ-аас эрчим хүчний эх үүсвэр импортлохыг хориглох тухай Конгрессоос баталсан хуулийн төслүүдэд Ж.Байден дөрөвдүгээр сарын 8-нд гарын үсэг зуржээ.


Худалдааны хэвийн харилцааг түр зогсоосноор Орос, Беларусийн импорт Америкийн зах зээл дээрх хамгийн таатай нөхцөлөөс хасагдаж, Америкийн засаг захиргаа Орос, Беларусийн бараа бүтээгдэхүүнд Дэлхийн худалдааны байгууллагын бусад гишүүн орнуудаас илүү өндөр татвар тогтоох эрхтэй болдог байна. Эдгээр арга хэмжээ 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжинэ.


Үүний зэрэгцээ, өмнө нь нийтэлсэн тайлбар баримт бичигт тэмдэглэснээр, "хэрэв эдгээр орон Украины эсрэг түрэмгий үйлдлээ зогсоовол, түүнчлэн бусад тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгч Орос, Беларусьтай худалдааны хэвийн харилцааг сэргээх боломжтой". Энэ жагсаалтад Орос, Беларусиас гадна БНАСАУ, Куба улс багтдаг байна. 


Related news