ӨВӨРХАНГАЙ: Малчид сүүний урамшууллын талаар мэдээлэл хомс байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-24 18:01:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Чинзориг Бат-Өлзий суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төр засгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө.

Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултад хариулсан юм. Тус сумын нутгийн багагүй хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардгаас иргэд амьдрах газраа сонгох эрхээ эдлэхэд хүндрэл учруулдаг тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлэв.

Түүнчлэн сумын нутаг дэвсгэрийн ойн сангийн 20 мянга орчим га нь хортон шавжид идэгдээд байгаа тул арга хэмжээ авахыг, мод тарих санаачилгыг дэмжиж усалгааны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Олон хүүхэд төрүүлсэн гэдгээр 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан багш нарт одоо тэтгэвэрт гарч байгаа багш нарт олгодог 36 хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нөхөж олгох, цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэх зэргээр саналаа хэлж байв.

Бат-Өлзий сум шинэ сүүний үйлдвэртэй бөгөөд малчдаас сарлаг, хайнаг, ямааны сүү авдаг байна. Харин засгаас олгодог сүүний урамшууллын талаар малчид мэдээлэл хомс байв. Засгийн газраас малчдад тушаасан сүүний литр тутамд 500 төгрөгөөр тооцож урамшуулал олгох зорилгоор жилд 5 орчим тэрбум төгрөгийг төсөвлөдөг учраас сүүнээс олох орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг гишүүн хэллээ.

Related news