Л.Алтансүх: Төгсөгчид мэргэжлээ буруу сонгох эрсдэл их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2022-06-02 16:11:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлээ сонгож буй энэ үед Монголын цахим интститутын зөвлөх, судлаач Л.Алтансүхтэй ярилцлаа.


-Нэртэй сурган хүмүүжүүлэгч нарын хэлснээр ажил мэргэжлээ сонгох, юунд дуртайгаа мэдэх тусгай арга, программ гэж байдаггүй. Цорын ганц арга нь энэ талаар бодож үзэх, судлах цагийг багаас нь хангалттай олгож, олон зүйлийг туршлагаар мэдэж авах боломжоор хангах хэрэгтэй гэж зөвлөдөг. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлээ сонгоход туслах зорилготой судалгааг хэзээнээс хийж эхлэв?

-Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 70 дугаар тогтоолоор Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийн чиглэлийг баталсан. Ингэхдээ яамд,  аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны эрэлт, “Алсын хараа 2050” хөтөлбөр Дэлхийн банк болон олон байгууллагын судалгаанд үндэслэн гаргасан. Ер нь эрэлттэй мэргэжлээс болоод хөдөлмөр эрхлэлт бага байгаа талаар асуудлын гол гогцоог ярих цаг болсон. Миний хувьд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээд 20 гаруй жил болж байна.

Монгол Улсын хамгийн том асуудал нь ажилгүйдэл, ядуурал байгаа. Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 60-70 хувь нь мэргэжлээ буруу сонгосон судалгаа бий. Тиймээс мэргэжлээ буруу сонгосон оюутнууд сурч чадахгүй байгаа юм. Үүний шалтгаан нь хувь хүн төрөлх өгөгдлөө мэдэхгүй байна. Хүн бүр байгалиас заяасан төрөлх өгөгдөлтэй. Үүнд тулгуурлан мэргэжлээ зөв сонгох шаардлагатай. Хамгийн гол хүчин зүйл бол  хувь хүн төрөлх өгөгдлөө мэдэхгүй байна. Энэхүү төрөлх өгөгдлийг таниулах шинжлэх ухааны арга аргачлалыг бид дэлгэрүүлж байгаа. Тухайлбал, генийн  өгөгдөл талаас нь генетикийн тест хийх, тоон өгөгдөл талаас нь тоон тест хийх, мэргэжлийн хэв шинж зэргээр шинжлэх ухааны үндэслэлтэй аргуудаар тодорхойлдог. Эцэст нь энэ чиглэлээр явбал боломжтой гээд мэргэжил сонголтыг 8-12 дугаар анги хүртэл таван жил бэлтгэж байж оновчтой зөв сонголт хийдэг гэдэг ойлголтыг олонд хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Бид үүнтэй тэмцэхгүй бол ажилгүйдэл, ядууралтай тэмцэж чадахгүй.


-Их, дээд сургуулийн оюутнуудын 60-70 хувь нь мэргэжлээ буруу сонгосон гэсэн судалгаа гарсан гэсэн. Үүнээс шалтгаалан дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх вий гэдэг болгоомжлол гарч байна?

-Олон судалгаа бий. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 245 475 оюутны дунд хийсэн судалгаагаар,  60 гаруй хувь нь энэ мэргэжлээр дур сонирхолгүй буюу өөр мэргэжил сонгох бодолтой байна гэж хариулсан байдаг. Ингэж хариулж буй хүний хувьд тухайн мэргэжлээрээ сайн суралцах боломжгүй, сураагүй хүн ажлын байранд зуучлагдах боломжгүй болж буй юм. Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж өгөхгүй, ажилгүйчүүдийн эгнээг нэмдэг өөрөөр хэлбэл “дипломтой цэвэрлэгч”-ийг бэлтгэж байгаа юм.


-Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлээс гадна хэрэгцээ нь буурах ажил мэргэжлийн талаар мэдээлэл өгөөч?

-Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн яам, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшлүүд судалгааг хангалттай хийсэн. Цаашид алга болох болон шинээр бий болох мэргэжил гээд бүх мэргэжлийг гүүглээр хайхад хангалттай мэдээлэл гарч ирнэ. Тухайлбал, нягтлан бодох мэргэжлээр 12 сая төгрөг төлөөд 5 жилийн дотор алга болох мэргэжлээр сурлаа гэхэд мэдээлэлгүй  байгаа байдлаа эцэг эхчүүд, хүүхдүүд засах хэрэгтэй.

Хөгжингүй улс орнууд хоёр наснаас нь хүүхдийнхээ төрөлх өгөгдлийг тодорхойлон төрөлх өгөгдөл өндөртэй байгаа зүйлийг нь хөгжүүлэн мэргэжил сонголтын эхний шат болж 8-12 дугаар ангид нь мэргэжил рүү нь чиглүүлэн эцэстээ зөв мэргэжлээ сонгож байна.

Зөв мэргэжлээ сонгосон хүн хувь хүний хөгжлийн тухай өндөр ойлголттой байж, өөрөө аз жаргалтай, байгалийнхаа өгөгдөлд тохирсон ажил мэргэжлээрээ яваа хүн тухайн ажлаа хийхдээ ядардаггүй, залхуурдаггүй. Манай улс боловсролын тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай байна. Дэлхийн бусад орнууд тогтолцоогоо өөрчлөөд эхэлсэн. Бид ч гэсэн үүнээс хоцрох ёсгүй. Бүх хүүхдийг нэг хэвэнд оруулж шахна гэвэл XXI зууны хүүхэд хүлээж авахааргүй зүйл юм. Цаашид боловсролын тогтолцоог өөрчлөх талаар нэлээд ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.


-Хамгийн эрэлттэй мэргэжил гэвэл?

-Бага ангийн багш, цэцэрлэгийн багш, байгаль орчин, физикийн чиглэлийн мэргэжил хамгийн эрэлттэй байгаа.


-Одоогоор мэргэжлээ сонгоогүй байгаа хүүхдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бид мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа. Хамгийн түрүүнд өөрийн төрөлх өгөгдлийг мэдэх хэрэгтэй. Үүний дараа түүндээ тохирсон мэргэжлүүдээс судлах хэрэгтэй. Өнөөдөр сонсоод маргааш нь хийдэг зүйл биш. Мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй. Манай улсад энэ чиглэлээр цөөхөн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Бид хүүхдийг 12 жил боловсролын системээр сургаж байна. Сонгосон мэргэжлээрээ цаашид ажиллах зорилго биелэхгүй байгаа. Хамгийн чухал мэргэжил сонголтын алхамдаа ач холбогдол өгөхгүй байна. Үүндээ анхааралтай хандаж, 5 жил судалж байж эцэст нь зөв мэргэжлээ сонгох хэрэгтэй.


-Мэргэжлээ буруу сонгож буй шалтгаан юундаа байна вэ?

-Ер нь мэргэжлээ буруу сонгож буй шалтгаан гэвэл аав, ээжийн шахалт, найз нөхдөө дууриаж байна, мэдээлэлгүйгээсээ болж байна. Эцэг эхчүүд мэдээлэлтэй болох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа “Z үеийнхэн хүнээр шахуулж мэргэжлээ сонгодог тал ховор болж байна.


-Сурагчид олон улсад эрэлттэй мэргэжлийг сонгож байна уу, эсвэл монголынхоо  нөхцөл байдалд тааруулж сонгож байна уу?

-Өнөөдөр эрэлттэй байлаа гэхэд 5 жилийн дараа алга болох мэргэжил зөндөө байгаа. Эрэлттэй гэхээсээ гадна өөрийн байгалиас заяасан төрөлх өгөгдөлд тулгуурлаж ажил мэргэжлээ сонгох нь хамгийн бодитой алхам юм. Цаашид эрэлттэй мэргэжлийн тоонд хүн хүнтэй харилцах, хүн байгальтай харилцах чиглэлийн мэргэжлүүд багтаж байна.


-Олон улсад IT инженер зэрэг мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжил эрэлттэй байдаг. Харин манай улсад бэлтгэж чадаж байна уу?

-Дэлхийн эрэлттэй мэргэжилтэй бид хөл нийлүүлэх хэрэгтэй. Мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжил цалин өндөр байгаа. Бид нэгдүгээрт эрэлттэй мэргэжлийг харалгүйгээр өөрт тохирохыг сонгох хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Монголын цахим институт  өөрийгөө танин мэдэх, өөрийн сонирхол ур чадварт бүрэн нийцсэн мэргэжлээ олохыг хүсч байгаа хүн бүрт зориулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны үндэслэлтэй арга, аргачлалаар оношилгоо хийж, мэргэжлийн сэтгэл зүйч, ажил мэргэжлийн зөвлөхүүдээс бүрдсэн баг зөвлөн туслах, чиглүүлэх үйлчилгээг үзүүлж байгаа.

 

Related news