"Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд"-ээр үлгэрийн баатрууд амилав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-05-22 15:20:32

Архангай /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй "Илүү их уншъя" уриатай "Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд" Архангай аймагт энэ сарын 19-22-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Үндэсний номын баярын хүрээнд иргэд, сурагчдын идэвх оролцоог хангах, тэднийг өргөнөөр хамруулах зорилгоор нас насны онцлогт тохирсон олон уралдаан, тэмцээнийг зохион явуулсан. Хүүхэд багачуудад бага наснаас нь урлаг, соёлын боловсрол олгох, урлагаар төлөвшүүлэх, тайзны соёлд суралцуулах, уралдаан тэмцээнээр дамжуулан шүлэг яруу найраг, өгүүллэг, зохиол гэх мэт олон талын мэдлэг олгох, сурталчлан таниулах зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-5-р ангийн сурагчдын дунд "Уран уншлага" уралдааныг зохион байгуулжээ.

Энэ тэмцээнд Чулуут, Жаргалант сумын ЕБС, Ирээдүй цогцолбор сургууль, Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5-р сургуулийн нийт 200 орчим хүүхэд хамрагдсан юм. Мөн үргэлжилсэн үгийн хүүхдийн зохиолч, яруу найрагч Ц.Уламбаярын зохиол бүтээлүүдээс сонгон "Дүрийн тоглолт" бэлтгэн тавих уралдааныг аймгийн нийт ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдын дунд явуулахад 150 орчим сурагч оролцож, дүр бүтээжээ. Сурагчдаас гадна цэцэрлэгийн хүүхдүүд үлгэрийн баатруудыг амилуулсан юм.

"Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд"-ийн нээлт болж, Улаанбаатар хотоос энэ өдрийг зорин ирсэн олон зохиолч, уран бүтээлчдийг уншигчидтай нь уулзуулсан юм.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах: "Ном өөрөө агуу ертөнц юм. Бид өнөөдөр цахим шилжилтэд дэлхий даяараа нэгдэн орж байна. Архангай аймаг "Цахим Архангай" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ дэлхий нэгэн утсан дотор гэхүү, магадгүй утаснаас ч жижигхэн зүйл дотор багтах нь байна. Хүүхэд залуучууд интернэт орчинд суралцаж, аялсаар байна. Бид яваандаа сансрын хүмүүс болох нь байна. Гэлээ гэхдээ ном гэдэг агуу ертөнцийг хэрхэн, яагаад ч гүйцэхгүй гэдгийг та бүхэн маань ойлгох хэрэгтэй. Номд хайртай, номын үзэл санаа, үлгэр дуурайлаар хүмүүжиж байгаа хүүхдүүдийг энэ үйл ажиллагаанд ирсэнд би маш их талархаж байна.

Халхын төв цэг Архангай аймагт төвлөрсөн байдаг. Эндээс бүхий л оюун санаа урган гарч, Монголын үе үеийн төрт улсуудыг үүсгэн байгуулахад манай Архангайнхны оюун ухаан хамгийн том үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ дэлхий дээр оршиж байгаа буган чулуунууд буюу хад, чулуун дээр бүтээсэн бичээсүүд маань байгаль дээрх анхны ном шүү дээ. Хүний гараар бүтээгдсэн ном. Энэ номын дийлэнх буюу 60-80 гаруй хувь нь манай Архангай аймгийн нутагт байдаг. Хадны бичээсүүдийн хамгийн эртнийх нь манайд байдаг. Энэ нутагт амьдарч байсан та бидний өвөг дээдэс хамгийн анхны номын зохиогчид, түүнийг бусад байгаа ард түмэн нь уншдаг байжээ. Ийм л түүхэн уламжлалтай хүмүүс. Тэгэхээр бид номдоо дурлая, илүү ихийг уншицгаая" хэмээн онцоллоо.

Ардын жүжигчин Г.Равдан: Улс орон даяар өнөөдөр номоор амьсгалж байна. Номын авшиг их хүртэж, ном дор мөргөж, сөгдөж, номын баясал эдэлж байгаа та бүхэндээ номын баярын мэндийг дэвүшүүлье. Өнөөдөр Архангай аймгийн зохиолчдын "Хан тамир" нэгдлийн зохиолчид болох Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, зохиолчид хүрэлцэн ирсэн байна. Би бол хаанаас нь харсан ч зохиолч хүн биш юм. "Хан тамир" нэгдлээс Архангайн эрт эдүгээгийн зохиолч нарын бүтээлийг эмхэтгэсэн "Хан тамирын ай" хэмээх сайхан номын дээжийг та бүхэнд хүргэж байгаа. Энэ ном Архангайнхны ширээний ном болох байх аа. Улсын Их Хурлын даргаас "Илүү их уншъя" уриа дэвшүүлж, энэ жилийн номын өдрүүдийг тэмдэглэж байна. Би бол уншдаг л номын садан хүн юм" хэмээгээд Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас тодрон гарсан Монголын яруу найргийн сод төлөөлөгч Л.Лувсандоржийн "Хуурын эгшиг" шүлгийг дуудлаа.


Г.Дэмид жанжны талбайд болсон эл өдөр номын худалдаа өрнөж, сурагчид уран зургийн бүтээлийн үзэсгэлэн гаргасан байлаа. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтад ашигладаг үлгэрийн баатруудыг дүрсэлсэн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг дэлгэн тавьж, үлгэрийн баатруудын жагсаал явсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байв.


Номын даллагатай энэ сайхан өдөр ном, соёлын олон үйл явдлууд болсон. Үүний нэг нь шилдэг, тэргүүний уншигч "Д.Нацагдорж тэмдэг"-ийг гардуулсан явдал юм. Уг шагналаар Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн 9б ангийн сурагч Б.Мичидмаа, 11б Ч.Пүрэвсүрэн, А.Пүрэвжаргал, 2-р сургуулийн 10б ангийн сурагч Э.Гэрэлмаа, 10а ангийн сурагч А.Золзаяа нарыг шагналаа.