Олон улсын тээврийн жолооч нарын ажил, амралтын дэглэмийг мөрдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-04 17:07:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


ЗТХЯ-наас гадаад худалдааны эргэлтийг нэмэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд  олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд НҮБ-ын олон улсын тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор хуулийн төслийг боловсруулсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар байнгын хорооны хуралд танилцуулав. 


Уг хэлэлцээрт нэгдсэнээр, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэж буй жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэмийг мөрдөх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтэд олон улсын жишигт нийцсэн техник технологи ашиглах, Монголын тээвэрчид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд онцолсон юм. Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уг хэлэлцээрт 50 гаруй орон нэгдсэн гэдгийг онцлоод хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсад сүүлийн 5 жилд 34 500 зам тээврийн осол гарснаас 97.2 хувь нь жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой гэсэн статистик мэдээлэл байна. Жолоочийн ур чадвар, мэргэшил сул байхад олон улсын тээвэрлэлт хийхэд хүндрэл үүсэх эсэх, жолооны сургалтын агуулга, тогтолцоог шинэчлэхэд баримталж буй бодлогын талаар лавлав. Мөн олон улсад тээвэрлэлт хийхэд ашиглалтын шаардлага хангасан автомашины бэлэн байдлыг хангахад хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодруулсан. 


Энэ хэлэлцээр нь зам тээврийн ослоос урьчилан сэргийлэх үүднээс жолоочийн ажил, амралтыг дижиталаар бүртгэнэ гэдгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд онцлоод гэрээ, хэлэлцээрийн хүрээнд бид Европын холбооны даатгалын ногоон картын системд нэгдэхээр Гадаад харилцааны яамтай хамтран ажилллаж байна гэв. Мөн, "олон улсын тээврийн жолоочид цагдаагийн байгууллагаас олгодог жолоодох эрхийн үнэмлэхээс гадна, мэргэшсэн жолоочийн хөтөлбөрт хамруулж шалгалт өгч үнэмлэх олгоно. Цаашдаа хүний оролцоо бага байх механизмыг бүрдүүлэхээр “Аюулгүй жолоодлогын төв” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Европын холбооны улсуудтай хийж байгаа хэлэлцээрт манайхаас европруу явж байгаа тээвэрлэлтэд “Евро-5”-аас дээш стандартын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахаар заасан. Шинэ авто машин худалдан авахад үнэ нь өндөр байгаа учир  бид европт богино хугацаанд ашиглагдаж байсан стандартын шаардлага хангасан автомашин авчбайна. Цаашдаа автомашины парк шинэчлэлийн асуудалд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.


Ингээд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Related news