Сумын цолтнууд шинээр төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын Засаг даргын нэрэмжит “Үндэсний бөхийн цол олгох тойргийн барилдаан” тус аймгийн амралтын бүс нутаг болох “Зулзагын гол”-ын зүлэг ногоон дэвжээнд болж өндөрлөв.
Барилдаанд самбо, жудо, чөлөөт бөхийн олон шилдэг залуу тамирчид хүчээ үзсэн юм. Улсын цолд ойрхон үе чацуу 48 бөх өөр хоорондоо тойргоор барилдан уран мэхийг уралдуулснаас Э.Түмэннасан долоо даван түрүүлж сумын Заан цол хүртсэн бол Э.Эрдэнэбаяр зургаа даван удаалж сумын Харцага цол хүртлээ. Мөн О.Цэрэнпунцаг, С.Мөнх-Эрдэнэ нар тав давж сумын начин боллоо. Сумын цол олгох Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Г.Батбаяр нар болон албаны бусад хүмүүс гардуулав. Дархан сумын Засаг даргын нэрэмжит “Сумын цол олгох барилдаан” нь 2014 оноос хойш уламжлал болжээ.
Б.Норовсамбуу