Аймгийн төсвийн орлого өмнөх оныхоос өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн нийт
орлого энэ оны 10 дугаар сарын байдлаар 62.8 тэрбум төгрөг буюу 109.4, зарлага
51.3 тэрбум төгрөг буюу 81.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад нийт орлого ба тусламжийн дүн 6.7 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар,
урсгал орлого 6.0 тэрбум төгрөг буюу 27.9 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 27.2 тэрбум төгрөг буюу 122.7, сумдын
төсвийн орлого 35.6 тэрбум төгрөг буюу 101.0 хувийн гүйцэтгэлтэй байна гэж
аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд дурдлаа.
Төсвийн нийт зарлага 81.4 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас орон нутгийн
төсвийн байгууллагуудын зардал 18,2 тэрбум төгрөг буюу 69.5, тусгай зориулалтын
шилжүүлгийн байгууллагын зардал 33,0 тэрбум төгрөг буюу 89.9 хувь байна.
Харин төсвийн өр 267.5 сая төгрөг байгаа нь өнгөрсөн сарынхаас 12.3, өмнөх
оны мөн үеийнхээс 46.6 сая төгрөгөөр өссөн байна. Эрүүл мэндийн сайдын багцын
байгууллага төсвийн өрийн дийлэнхийг эзэлж байгаа аж.