Элчин сайд Мурат Карагөз наадамчин олонд хандаж мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРҮндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз наадамчин олонд хандаж мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, "Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсад амьдарч, ажиллаж буй нийт Турк иргэд, тус Элчин сайдын яамны албан хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа ах дүү Монголын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.
Эрт цагаас уламжлалтай “Наадам”-ын баяр нь “Баяр цэнгэл, тоглоом наадгай” хэмээх утга илэрхийлэх бөгөөд нийслэл Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт ч өргөнөөр тэмдэглэгддэг. Үндэсний бөх, сур харваа болон хурдан морины уралдаан зэрэг эрийн гурван наадмаас бүрэлдэх энэхүү баяр наадмыг зөвхөн Монголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид төлөөлөгчид хөөр баяраар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
“Наадам”-ын баяр нь үндэсний соёл, ёс заншилыг хамгийн тодоор цогцлон харуулахын зэрэгцээ Монголын ард түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, эрч хүч болон эр зоригийн бэлгэ тэмдэг юм.
Энэ жил гурав дахь удаагаа өөрийн биеэр сонирхон үзэхээр төлөвлөж буй энэхүү сайхан баяр нь өв уламжлал, түүх соёлоороо дэлхийд гайхагдсан Монгол үндэстний хамгийн сайхан соёлын нэг гэдэгт бат итгэлтэй байна. Энэ жилийн баяр наадмыг Туркийн сэтгүүлчдийн баг сурвалжлах болно. Монголын ард түмэнд сайхан наадахыг хүсэхийн сацуу эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.
Related news

