Тээврийн хэрэгслийн торгуулиа хэрхэн төлөх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс энэ оны 6 дугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол ирэх сарын 1-ний дотор 50 хувийг нь төлснөөр үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой.
Цагдаагийн байгууллагаас энэ оны 7 дугаар
сарын 6-наас хойш нийт 40 300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог нь сэргээсэн
байна.
Иргэн Та www.smartcar.mn болон
www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг
оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа
эсэхийг шалгах боломжтой.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас
хариуцан хөгжүүлдэг Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний https://smartcar.mn
системээр иргэд тээврийн хэрэгслийн татвар торгуулиа идэвхтэй төлж байна.
Өнөөдрийн байдлаар л гэхэд тус системд 30 647 удаа ханджээ. Системд
хандаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж, системийн ачаалал ихсэж байгаа аж.
Иймээс Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас https://smartcar.mn системтэй
холбоотой иргэдээс ирсэн дуудлага, хүсэлтүүдийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн,
системийн хэвийн ажиллагааг хангах, хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт
сайжруулалтын ажлыг Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Иргэн та дараах төлбөрийн шийдлийг ашиглан
татвар, торгуулиа төлөх боломжтой:
- E-mongolia.mn цахим хуудас.
- “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим
хуудас.
- Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн,
“SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр
төлөх.
- “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын
“Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
- “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск”
машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх .
- Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой.