И-баримтын бүртгэлийг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-05 17:34:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  ЦХИХХ-ны сайд Э.Батшугар И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав.


Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов. Тэд цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг онцолсон юм.


Энэхүү баримтыг одоогоор cu аппликейшнээр дамжуулан автоматаар бүртгүүлж байна. Мөн Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд автомат системд холбосон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд автоматаар бүртгээг болох ажлыг эхлүүлж буй юм.


ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно” гэв. 


Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ярихдаа, "Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр и-баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй” хэмээн онцлов.


Харин Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг “Кассын системээс мэдээлэл авч татварын руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монгол банкнаас дэмжлэг хэрэгтэй, нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар картаа сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй, аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай байна” хэмээн саналаа илэрхийлэв. 


Энэхүү үйлчилгээг цахимжуулснаар иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэх аж.

 




Related news