Сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн хэмээн дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-01 13:49:04

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 202 ажиглагч УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг Улаанбаатар хотын 9 дүүргийн 101 хэсгийн хороонд ажиглалт хийжээ. Энэхүү ажиглалтын тайлангаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

"Нээлттэй нийгэм" форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг энэ үеэр хэлэхдээ, "Иргэний нийгмийн хянагчид сонгуулийг хуулийн хүрээнд болж өнгөрсөн, сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй" хэмээн дүгнэв.

Гэхдээ сонгогчдод санал өгөхтэй холбоотой мэдээлэл дутмаг байснаас хэсгийн хороодод хоёр мянга гаруй саналын хуудас хүчингүй болжээ. Мөн сонгогчид санал өгөх хэсгийн хороогоо андуурах, санал авах бүхээгийн хоорондын зай хэт ойртсон, тэргэнцэртэй иргэдийн зорчих налуу замыг хэсгийн хороодын 72 хувь нь урьдчилж бэлтгээгүй, ТББ-ын ажиглагчдыг суудлаар хангаагүй, цагдаагийн хамгаалалт ойр байгаагүй зэрэг зөрчил гарсан аж. Санал тоолох төхөөрөмжийн 59 хувьд гэмтэл гараагүй. Гарсан гэмтлийг тухай бүрд нь засчээ.

Техникийн тооллого 100 хувь ажиглагчдад нээлттэй байсан байна. Толлого санал хураалт дууссанаас хойш 1:30 минутын дараа эхэлж, улмаар 4-8 цаг үргэлжилжээ. Зарим тохиолдолд сонгогч нэр дэвшигчийн дугуй хүрээг хэтрүүлэн тэмдэглэсэн, хэсгийн хороодын ажилтнууд олон цаг ажилласнаас алдаж тоолсон явдал гарсан байна.

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний дэд тэргүүн С.Энхжаргал, “Сонгуулийн явцад гарсан зөрчлүүдийн ихэнх нь сонгогчид болоод хэсгийн хорооны ажилчид мэдээлэл дутмагаас болж гарсан. СЕХ сургалт сурталчилгааг дутмаг явуулсантай холбоотой гэж үзэж байна. Сонгуулийн дүнд санал нийцэхгүй байгаа өрсөлдөгчид саналын хуудсыг файл хэлбэрээр авч болно” гэв.

З.Эрэвгийлхам

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news