"Шинэ төмөр зам" төсөлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-27 16:46:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Таван толгой-Зүүнбаян чиглэлийн "Шинэ төмөр зам" төслийн бүтээн байгуулах ажилд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч, зарим аж ахуйн нэгжийн ажилтанд шагнал гардуулах ёслол өнөөдөр ЗХЖШ-ын Жагсаалын талбайд боллоо.



Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Энхбаяр, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батболд, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан нарыг шагнав.



Мөн "Цэргийн гавьяаны одон"-гоор Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Баасансүрэн, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм нарыг шагнасан юм. Түүнчлэн  "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор "Гангүүр" ХХК-ийн ерөнхий захирал Б.Гантөмөр, "Өвөр залаат" ХХК-ийн дэд захирал Ц.Бат-Эрдэнэ нарыг, "Алтан гадас" одонгоор Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, "Туулын гүүр далай" ХХК-ийн ерөнхий захирал Э.Баярчулуун, "Өвөр залаат" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганцэцэг, "Баткубик" ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаяр нар шагнагдлаа.



"Цэргийн хүндэт медаль"-аар Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийн хийц угсрах мужаан, дэслэгч Э.Энх-Оргил, тус ангийн 

өөрөө буулгагчийн жолооч, ахлах ахлагч Х.Энхнасан, ахлах ахлагч Д.Батболд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн харуулчин О.Эрдэнэбямба нарыг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Инженерийн дэд бүтцийн хэлтсийн тоо хэмжээний инженер Ж.Чүлтэмнамдаг, Г.Хулан, Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийн нягтлан бодогч Д.Алтантуяа нарын инженер, жолооч зэрэг алба хаагчдад шагнал гардуулав.



Төрийн одон, медаль хүртсэн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, хөдөлмөрөө үнэлүүлж төрийн шагнал хүртэж буй хүмүүст баяр хүргээд, "Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах стратегийн бүтээн байгуулах ажилд бусад аж ахуйн нэгж, төрийн байгууллагатай хамтран нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлтэй оролцсон. Монголчууд бие даан бүтээн байгуулах ажлыг гүйцэтгэж чаддаг гэдгийг Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын төсөл батлан харууллаа. Төр засгаас даалгасан төслийг гүйцэтгэсэн нь орчин цагийн Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ойд барьж буй томоохон бэлэг юм" хэмээв.


Мөн тэрээр, энэ төслийг гүйцэтгэхэд хамтран ажилласан зам, барилгын салбарын хөгжлийн манлайлагч, үндэсний бүтээн байгуулагч 60 гаруй аж ахуйн нэгжийн удирдлага, инженер, техникийн ажилчин, хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийлэв. “Шинэ төмөр зам” төслийн 416.1 км төмөр замыг барьж гүйцэтгэснээр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрийн эхлэлийг тавьж чадсан түүхэн гавьяаны эзэд гэдгийг онцоллоо.


Д.Урансолонго

Related news