Монголын 333 сумын нийгмийн даатгалын байцаагчдын цахим сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-27 13:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумдын нийгмийн даатгалын байцаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхээр “Сумдын нийгмийн даатгалын байцаагчдын арга зүйн цахим сургалт”-ыг даваа гаргаас 4 өдөр үргэлжилж байна.


Мөн нийгмийн даатгалын хууль тогтоомжийн өөрчлөлт, журам зааврыг хэрэгжүүлэх талаар байцаагчдад нэг мөр ойлголт өгөх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, санал солилцох зорилготой сургалт юм.


Сургалтыг нээлтийн үеэр НДЕГ-ын дарга Д.Зоригт: “Нийгмийн даатгалын байгууллага сумын нийгмийн даатгалын байцаагч /ажилтан/-дын улсын зөвлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас удаа дараа хойшилсон.  Бид технологийн дэвшлийг ашиглан энэ удаа цахимаар зохион байгуулж байна. Хүний нөөцийн судалгаагаар сумын байцаагчдын 42 хувь нь 5 хүртэлх жил салбартаа ажиллаж байгаа шинэ залуу ажилтнууд байгаа тул анхан шатны нэгж дээр нийгмийн даатгалын байгууллагыг төлөөлж байгаа энэ ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхижуулах зайлшгүй шаардлагатай. Мөн нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэн, багц хуулийн төслөө шинэчлэн найруулж буй энэ үед болж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна” гэдгийг онцолсон юм.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж “Монгол Улсын Засгийн Газраас цахим засаглалыг бодлогоор дэмжиж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэх чиглэл баримталж байна. Энэ хүрээнд нийгмийн даатгалын салбарынхан үйлчилгээний шат дамжлагыг халж, цахим үйлчилгээг идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарч, цахим дэвтэр, гар утасны аппликэйшн, сайн дурын даатгалын цахим систем зэрэг үйлчилгээг нэвтрүүлсэн жишээг дурдаж болно. Цаашид дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг анхан шатанд зохион байгуулахад сумын нийгмийн даатгалын байцаагчдын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.


Тус сургалтад 333 сум, 12 тасагт ажиллаж байгаа 329 байцаагч ажилтнууд, орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд нийт 462 хүн оролцож байна.


Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу зөв тогтоон олгох, хуулийн болон цахим үйлчилгээний шинэчлэл өөрчлөлтийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах, түүнчлэн хуулиар хүлээсэн бусад чиг үүргээ биелүүлэхэд энэхүү 4 өдрийн багц сургалт чухал ач холбогдолтой юм.



Related news