Дүйцүүлэх алба хаагчид цэвэрлэгээ хийж, 10 машин хог зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-14 10:58:36

Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн тав дахь заалт, Батлан хамгаалахын сайдын Хэнтий аймгийн Засаг даргатай 2016 онд байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын А\250 дугаар захирамжийн дагуу Чингис хотноо тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд цэргийн дүйцүүлэх албаны сургалт зохион байгуулагдлаа.

Тус сургалтын төвийн даргаар Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт сургалт эрхэлсэн офицер дэд хурандаа Т.Баяраа, орлогчоор Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер ахмад Л.Цэнддорж, 1-р салааны захирагчаар ОБГ-ын Аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ган-Өлзий, 2-р салааны захирагчаар ОБГ-ын Аврагч-гал сөнөөгч, ахлагч Ү.Баяржаргал нар томилогдон ажиллав.

Сургалтанд оролцогчдыг цэргийн албыг зохион байгуулах зааврын дагуу Чингис хотоос хойш 2.5 км зайд хээрийн байрлалд байруулж, хугацаат цэргийн албан хаагчдын хоолны нормоор ханган батлагдсан хөтөлбөрт төлөвлөгөөний дагуу хичээл сургалтад хамруулжээ. Сургалтын төгсгөлд аймгийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Чингис хотын хойд, зүүн хойд, хогийн төвлөрсөн цэгийн ойр орчмын нийт 2500 га газраас 10-аад машин хуурай хог хаягдлыг цэвэрлэж, Хэрлэн сумын Хот тохижилтын албанд хүлээлгэн өгчээ.

Энэхүү сургалтанд Хэрлэн, Батноров, Хурх, Баян-Овоо, Бор-Өндөр, Дэлгэрхаан, Дадал, Биндэр зэрэг сумдаас 60 гаруй иргэн хамрагджээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news