“Гэгээн Муза” 13 дугаар наадамд оролцогчдыг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-08 19:36:01

“Гэгээн Муза” 13 дугаар наадамд нэр дэвшсэн Залуучууд театрын уран бүтээлчдийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар хүлээн авч уулзав.

Энэ үеэр нэр дэвшсэн уран бүтээлчдэд “Дурсамж” хадгалуулсан юм. Мөн “Дуун хэлхээ” дуулалт жүжгийн “Алигэрмаагийн дүр”-ээр шилдэг эмэгтэй гол дүрээр өрсөлдөж Гэгээн Муза шагнал авсан дуучин П.Одонтунгалагт “Найрамдлын Дархан” тэмдэг гардууллаа. Энэ нь Залуучууд театрын гурав дахь “Гэгээн Муза” аж.

Өмнө нь 2004 онд зураач Г.Хашцэцэг “Их хааны хатад” жүжгээр “Гэгээн Муза”хүртсэн бол 2012 онд найруулагч Г.Дэмбэрэлсамбуу “Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал”-ыг “Маргаашгүй хаан" жүжгээрээ хүртэж байсан юм. 

"Гэгээн Муза" 13 дахь удаагийн олон улсын театрын наадамд Дархан-Уул аймгаас гурван удаа оролцсон ч “Хөгжимт жүжиг”, “Драмын жүжиг”-ийн төрөл зэрэг нийт есөн номинацид нэр дэвшсэн нь өндөр амжилт гэдгийн аймгийн удирдлагууд онцолж баяр хүргэлээ. Тухайлбал: “Хөгжимт жүжиг”-ийн төрлийн "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн номинацид дуучин Н.Далхжав “Дуун хэлхээ” жүжгийн Ламъяа ламын дүрээр, "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн номинацид дуучин П.Одонтунгалаг “Дуун хэлхээ” жүжгийн Алигэрмаагийн дүрээр, "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид Б.Соронзонболд уг жүжгийн Алтансүхийн дүрээр тус тус нэр дэвшсэн байна.

Мөн "Шилдэг тайзны зураач" номинацид "Залуучууд" театрын зураач Х.Амартүвшин “Дуун хэлхээ” жүжгээр нэр дэвшжээ. "Гэгээн Муза" 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын “Драмын жүжиг”-ийн төрөлд "Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид тус театрын жүжигчин Ц.Отгонбаяр “Хайрыг хайрла” жүжгийн Туулын дүрээр нэр дэвшсэн бол "Шилдэг тайзны зураач" номинацид зураач Г.Хашцэцэг нэр дэвшсэн юм.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news