Архи, согтууруулах ундааг тодорхой цагийн хязгаартай худалдахыг зөвшөөрөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын энэ сарын 5-ны хуралдаанаар “Ковид-19” цар тахалтай холбогдуулан хэд хэдэн шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн хувьд босоо тэнхлэгийн зам дагуу халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул авто зам, төмөр зам дагуух постуудаа хэвээр үлдээж, бусад эрүүл бүсийн постуудыг буулгаж хөдөлгөөнт байдлаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Мөн архи согтууруулах ундааг тодорхой цагийн хязгаартайгаар худалдахыг зөвшөөрөв. Харин хөл хорионы дэглэмийг энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлүүлнэ. Сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байх бөгөөд сум доторх хөдөлгөөнийг тодорхой горимын дагуу сулруулах шийдвэр гаргасан аж.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг нэгдүгээр сарын 6-наас эхлэн албажуулж холбогдох байгууллагууд руу хүргүүлнэ.
Дорноговь аймгийн хувьд коронавирусний батлагдсан тохиолдол 32 байгаа бөгөөд дахин нэмэгдээгүй байна.
Онцгой комиссын шийдвэрийн дагуу төрийн байгууллагын холбогдох албаны хүмүүс хариуцсан баг бүрт ажиллаж, аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа талаар хяналт тавин, тодорхой зөвлөмж чиглэл өгч ажиллахаар болжээ.