“Яг одоо хүчирхийллийг цэглэе” цахим уралдааны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-30 17:46:47

Төв /МОНЦАМЭ/. “Яг одоо хүчирхийллийг цэглэе” цахим бичлэгийн уралдааны шилдгүүд тодорч, шагналаа гардан авлаа.

Тодруулбал, “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд иргэдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг тайлбарлан таниулах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн хүүхэд, залуучуудын дунд “Яг одоо хүчирхийллийг цэглэе” цахим бичлэгийн уралдаан зохион байгуулсан.

Ийнхүү цахим бичлэгийн уралдааныг дүгнэх ажлын хэсгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, салбар зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор уралдааныг дүгнэжээ.

Уг уралдаанд 13 бүтээл ирснээс тэргүүн байрт GenZ залуусын нэгдэл, дэд байрт Б.Батцэцэг, гутгаар байрт Залуусын дуу хоолой “+ЦЭНЭГ” нэгдэл, дөрөвдүгээр байрт Г.Буянжаргал, тавдугаар байрт Залуусын дуу хоолой “+ЦЭНЭГ” нэгдэл тус тус шалгарлаа.

Цахим уралдаанд шалгарсан иргэд, залуучуудын шагнал, өргөмжлөлийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нар гардууллаа.

 

Related news