Монгол-Оросын найрамдлын сарын өдрүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-07 14:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хамт олон хоёр орны уламжлалт “Найрамдлын сар”-ын ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлээд байна. Энэ өдөр УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын ард байдаг “Найрамдал” хөшөөг сэргээн засварлаж, хоёр орны төрийн далбааг хөшөөний хоёр талд байрлуулснаар найрамдлын сарын ажлыг  албан ёсоор эхэлсэн юм.


Монгол-Оросын найрамдлын сарыг 1952 оноос анх зохион байгуулж ирсэн бол 2010 оноос хоёр орны “Найрамдлын өдрүүд” нэртэйгээр тэмдэглэх болсон юм. Өнөөдөр УБТЗ хоёр орны хамтарсан цорын ганц байгууллага болж үлдээд буй. Энэ үүднээс найрамдлын өдрүүдийн үйл ажиллагааг УБТЗ-ыг түшиглэж зохион байгуулах болсон юм. 


Сүүлийн жилүүдэд УБТЗ тээврийн бүх үзүүлэлтээр дээд амжилт тогтоож, Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Энэ ололт амжилтууд нь Монгол, Оросын мэргэжилтнүүдийн хамтын ажлын үр дүн юм. 

Ирэх жил Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохионо. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд дээрх түүхт ой угтсан их ажил энэ өдрөөс эхэлж байгааг найрамдлын өдрүүдийн нээлтийн үеэр УБТЗ-ын удирдлагууд онцолж байв. 


Related news