Хашаандаа сайхан амьдаръя-Хэнтий төсөл судалгааны ажлаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-18 15:59:03

Хэнтий /МОНЦАМЭ/ Өөрсдийн нөөц бололцоо, туршлага, хамтын ажиллагаанд тулгуурлан хашаандаа сайхан амьдрах боломж бидэнд 100 хувь бий. Энэ боломжийг бүрдүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор Баатарын Болор-Эрдэнэ “Хашаандаа сайхан амьдаръя-Хэнтий төсөл”-ийг санаачлан, ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна.

Тэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул. Түүний санаачилгаар Хэнтий аймаг анхдагч болж энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Тус төслийн баг энэ сарын 11-22-ны хооронд судалгаа, танилцуулга мэдээлэл, сургалт хийн, Хэнтий аймагт ажиллаж байна. Өдөр бүрийн 11.00 цагаас Онон хэвлэлийн байранд сургалт хийж байгаагаас гадна өөрсдөө хашаагаа тохижуулан, бүтээн байгуулалтыг хийгээд сайхан амьдарч байгаа “Соёлч өрх”-үүдийг танилцуулах лайв, сургалтыг хийж байна. “Хашаандаа аж ахуй эрхлэх боломж ба өрхийн эдийн засаг”, “Хашааны эрүүл ахуй ба тав тухтай орчин”, “Хашааны төлөвлөлт, зохион байгуулалт” зэрэг сэдвээр сэдэлжүүлэх сургалтыг хийснээр хашаагаа тохижуулж, ногоо тарин, аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бие биедээ эерэгээр нөлөөлж эхэлжээ.

Бүтээн байгуулалтаа хийчихсэн хүмүүсийн жишээн дээр тулгуурлаад лайв хийхээр хүмүүс туршлага судлахын зэрэгцээ шийдвэрлэж чадахгүй байсан зарим асуудалдаа шийдэл олж байна. Төсөлд оролцож байгаа “Соёлч өрх”-үүдтэй холбогдох, хэрхэн хашааны зохион байгуулалт хийсэн, яаж шийдсэн зэргийг сонирхож, төслийн багаас зөвлөгөө авах зэргээр амьд харилцаа, эргэх холбоо үүсэж байна.

Хэнтий аймгийн айл өрхүүдийн 88.6 хувь нь хашаанд амьдарч, хашааны талбайн ашиглалт 45-50 хувьтай байгаа судалгаа гарчээ. Хашаандаа сайхан амьдрахад Хэнтийнхний хувьд цэвэр бохир, ус, халаалт, цахилгаан хамгамжийн асуудал хамгийн ихээр тулгамдаж буй бэрхшээл гэсэн судалгаа гарчээ.

Хашаандаа тохь тухтай амьдрахаас гадна байгальдаа байгаа мэт сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийг хүсвэл “Хашаандаа сайхан амьдаръя-Хэнтий” төслийн багтай 80202030 дугаараар холбогдоорой. 


 

Related news