Хавтанцар наах улсын уралдаан үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛМонгол Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол олгодог мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагчдын дунд явагддаг энэ удаагийн улсын уралдаан “Монгол ур чадвар-2016” нэртэйгээр Дархан-Уул аймгийн МСҮТ-д төв нээгдээд үргэлжилж байна.
Уралдааны Ерөнхий шүүгч “Улаанбаатар барилга” ХХК-ийн дэд захирал, Ерөнхий инженер, Монгол улсын зөвлөх инженер Г.Чулуут:-“Дархан хотод “Монгол ур чадвар-2016” мэргэжлийн уралдааны ерөнхий шүүгчээр томилогдсон. Тэмцээн маань хавтанцар наах төрлөөр МСҮ-ийн төвүүдийн сурагчдын дунд явагдаж байна. Энэ тэмцээнийг явуулснаараа манай мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг үйлдвэрлэл сургалтын төвүүдэд маш их хэрэгтэй юм. Эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөөд мэргэжлийн ажилчид болж ажил хөдөлмөрийн талбарт гарна. Тиймээс хэнд ч гологдохгүй хүний хэрэгцээг хангасан чанартай, найдвартай бүтээгдэхүүн гаргахад чиглэгдэж мэргэжилдээ эзэн шиг эзэн болсон боловсон хүчин бэлтгэгдэнэ гэж харж байна даа. Яг одоогийн байдлаар 24 баг өрсөлдөж байгаагийн дөрөв нь Улаанбаатар хотоос ирсэн бол бусад нь аймаг бүрээс ирж оролцож байна” гэв. Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дунд явагдаж байгаа энэ удаагийн тэмцээн хавтанцар наах төрлөөр болж байгаа бол үсчин, гоо сайхан, өрлөг, бетон арматурчин, мужаан, гагнуурчин зэрэг барилгын бүх төрлөөр Улаанбаатар хот болон бусад дөрвөн бүсийн аймгуудад ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Норовсамбуу