УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-22 10:57:00

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр 10:40 минутад эхэллээ.

Тус хуралдаанаар 14 асуудал хэлэлцэх ба хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Цог даргалж байна. Хуралдааныг даргалагч хурлын эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллын хоёрдугаарт оруулж өгөөч гэсэн санал гаргасан юм. Дэд дарга Л.Цог хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдсэний зэрэгцээ үдээс хойшхи хуралдаанаар сонсох байсан мэдээллийн цагийг цуцалсан гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан ч асуулга тавьсан гишүүн хойшлуулах хүсэлт гаргасан байна. Мөн УИХ-ын гишүүн М.Зоригтоос  2014-2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт Эрдэнэцагаан сумын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 110/35/6 кВ-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын явцын талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн ч гишүүн хариугаа холбогдох албаныхнаас авсан гэнэ.

Иймд товын дагуу Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Б.Туул

Related news