Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог оновчтой тогтоох чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилготой юм.
Үүнд, Засгийн
газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үзүүлж буй
үйлчилгээний үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан судалж, үйл ажиллагааны
чанар, үр дүнг сайжруулах, шат дамжлагыг бууруулах, чиг үүргийн давхардал,
хийдлийг арилгах, бүтэц, орон тоог бууруулах, оновчтой тогтооно.
Мөн Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулахад зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яам, агентлаг, харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж болон гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх чиглэл баримтлана.
Засгийн газрын агентлагуудын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байх, хуульд өөрөөр заагаагүй бол дэд, орлогч даргагүй, агентлагийн нэгж нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь бууруулах чиглэл баримтлана. Засгийн газрын агентлагуудын орон тооны дээд хязгаарыг төсвийн хэмнэлтэд нийцүүлэн тогтоолгохыг даалгалаа.