Йемений сөргөлдөгч талууд уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-18 13:57:50

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Йемений сөргөлдөгч талууд болох тус улсын Засгийн газар болон шиит босогчид /хусит/ НҮБ-ын зуучлалтайгаар яриа хэлцээ хийх замаар мөргөлдөөнийг зохицуулах гурав дахь удаагийн оролдлогоо хийх гэж байна. Төлөөлөгчид даваа гарагт буюу өнөөдөр Кувейтын Баян ордонд уулзахаар төлөвлөжээ.

Зургадугаар болон 12 дугаар сард болсон өмнөх уулзалтууд тодорхой үр дүнд хүрэлгүй дууссан нь хүчирхийллийг улам даамжрахад хүргэсэн. Тухайн үед уулзалтуудыг явуулахад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Исмаил ульд Шейх Ахмедын зуучилж байсан бол энэ удаад Йемений сөргөлдөгч талууд нүүр тулан уулзах аж.

“Бид мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулахад бэлэн байна” гэж Йемений Гадаад хэргийн сайд Абдель Малека аль-Махляфи мэдэгдсэнийг тус улсын САБА агентлаг уламжилсан байна. “Йемений ард түмний туулж буй зовлон зүдгүүрийг эцэс болгохын тулд бид чадах бүхнээ хийнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

“Шилжилтийн үед улс төрийн бүхий л санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд зөвшилцлийн үндсэн дээр удирдах байгууллага байгуулах шаардлагатай” гэж хуситуудын төлөөлөгч Мухаммед Абдель Салям мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

 

Related news