"Зүүн бүсийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-13 17:47:04

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас АХБ-ны 600 мянган ам.долларын санхүүжилтээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт “Зүүн бүсийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон.


Төслийг ирэх баасан гараг буюу 11 дүгээр сарын 15-нд албан ёсоор нээх бөгөөд ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газар, зүүн гурван аймгийн удирдлагууд Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн бүрэлдэхүүн Хэнтий аймагт хүрэлцэн ирэх аж. Энэ хүрээнд тухайн төслийн Орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн Ш.Алтанбадрал, эдийн Засагч Гари Хо, Г.Гантүшиг нарын долоон хүнтэй баг хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон Төр хувийн хэвшлийн зөвлөлийн /ТХХЗ/ бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн Ш.Алтанбадрал “Төслийнхөө тухай товч танилцуулаад, төсөл хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн зураглалыг гаргаж ирэхийг хүссэн. Тиймээс бид бүс нутгийн хөгжлийн зураглал, бизнесийн онлайн каталог гэх мэтчилэн нэлээд чухал асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана" гэв.


Төслийн судалгааны баг нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллан, аймгуудын тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, Төр хувийн хэвшлийн зөвлөлийг байгуулжээ. Энэ удаа төслийн нэгжийхэн Хэнтий аймгийн ТХХЗ-ийн бүрэлдэхүүн байгууллагуудтай уулзаж байна. Тэд төслийн нэгжид орон нутгаас хоёр хүн сонгон шалгаруулж авах, мөн аймаг бүрт байгуулсан ТХХЗ-ийн нарийн бичгийн даргын баталгаат орон тооны асуудлыг ЗГХЭГ-т уламжилж шийдвэрлэхээ мэдээллээ. Түүнчлэн ТХХЗ-д зайлшгүй шаардлагатай Статистикийн хэлтэс, Мал эмнэлгийн газрын төлөөллүүд, мөн хувийн хэвшлээс тэнцүү тооны гишүүд нэмж бүрдүүлэхээ илэрхийлэв. Төслийн гол зорилго нь

-Зүүн бүсийн /уул уурхайн бус/ хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих бодлогын бичиг баримт боловсруулах,

-Зүүн бүсийн өрсөлдөх чадварын судалгаа, бэлэн байдлын судалгаа хийж, судалгааны үр дүнд аймгуудын тэргүүлэх бизнесийг тодорхойлох

-Зүүн бүсийн аймгуудын бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх,

-Орон нутгийн төрийн албан хаагчид, оролцогч хувийн хэвшлийн ажилтнуудад техникийн сургалт явуулах аж.

Төсөл хэрэгжүүлэх явцад сонгогдсон таван төсөлд зээл, хөрөнгө оруулалтын судалгааг боловсруулж өгөх төдийгүй зүүн бүсийн хувийн хэвшлийг төрөөс дэмжих бодлого боловсруулахаар төлөвлөжээ. Үүнд Засаглалыг сайжруулах, Хувийн хэвшлийг чадавхжуулах, Дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлийг дэвшүүлсэн байна.

Related news