Монголын мастеруудын тавдугаар их наадамд мянга гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-27 10:56:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын мастеруудын спортын тавдугаар наадам Чингис хотод болж, 15 аймаг, найман дүүрэг, дөрвөн хүчний байгууллага, долоон клубын мянга гаруй тамирчин оролцлоо.

Монгол Улсын гавьяат багш Дүгэрийн Ренчингийн нэрэмжит тус наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын мастеруудын биеийн тамирын спортын хорооноос санаачлан зохион байгуулав. 

Наадмын нээлтэд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Биеийн тамир спортын газрын ТЗУХ-ийн дарга Ц.Одонбаяр, Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч Э.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Монголын ахмадын Холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, ММСБТСХ-ны Хэнтий салбар хорооны дарга н.Оюун, аймгийн ахмадын хорооны дарга Ч.Адъяа, Монгол Улсын гавьяат багш Дүгэрийн Ренчин агсны гэр бүл, үр хүүхдүүд, үе үеийн шавь нарын төлөөллүүд, ахмад мастерууд оролцов.

Нээлтийн үеэр гавьяат багш, дасгалжуулагч Д.Ренчин агсны гэргий, үр хүүхдүүд нь түүний амьдрал замналын тухай өгүүлсэн "Шавь нараараа Хөглөгдсөн он жилүүд" номын дээжээс ирсэн зочид төлөөлөгчдөд авшиг хүртээв. Мастерууд кросс гүйлт, граунд гольф, софт волейбол, ширээний теннис, шатар, дартсын төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.

Related news