Хүлэмжийн аж ахуйгаас 103,5 тонн ургац хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-05 12:08:31

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрөгч 2018 онд Хэнтий аймгийн хэмжээнд 56 шинэ хүлэмжийг ОНХС, Дэлхийн зөн Бор-Өндөр 2 хөтөлбөр, ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй дэмжлэгт хамрагдаж барьсан бөгөөд, нийтдээ 4512 м2 зуны хүлэмж нэмэгдэж, хүлэмжийн аж ахуйгаас 103,5 тонн ургац хураажээ.

Мөн 390 тоннын багтаамжтай есөн зоорь сумдад шинээр барьсан бол өөрийн хөрөнгөөр зоорь барьсан хоёр иргэн, нэг хоршоонд нийт гурван сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон аж.

2015-2017 онд хавар, зундаа гандуу ургацаа алдах нөхцөл үүсч байсан бол өнгөрсөн онд Хэнтийн тариаланч, ногоочид 21,7 мянган га-гаас 27.3 мянган тонн ургац авсан дүн гарчээ. Тухайлбал, үр тариа 15.0 мянган га-д тариалж, 15,4 мянган тонн буюу, га-гаас 11.8 центнер, малын тэжээл 1.7 мянган га-гаас 5,2 мянган тонн, рапс 4,5 мянган га-д тариалж, 0,9 мянган тонн, төмс 242 га-д тариалж, 3,5 мянган тонн, хүнсний ногоо 156,7 га-д тариалж 2,3 мянган тонныг тус тус хураан авсан байна. Энэ нь өмнөх оноос тариалсан талбай нь 6900 га-гаар буюу 20 хувиар буурсан ч, хураан авсан ургац нь 13.3 мянган тонноор буюу 94,2 хувь нэмэгдэж, уриншийн боловсруулалтыг 20,6 мянган га-д хийжээ.

Түүнчлэн тус аймгийн Засаг даргын захирамжаар батлуулсан “Хэнтий-Атрын аян” хөтөлбөрийн найман зорилт бүхий 18 хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 84 хувьтай, “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлт 80 хувьтай хангагдсан дүн мэдээ гарчээ.

Related news