Орцны жижүүрээс олон улсын тавцанд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-01 14:54:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүн бүрийн амжилт өөр өөрийн гэсэн түүхтэй. Зүрхний өвчнөө ялан дийлэх гэж өөрөө өөртэйгөө тэмцэж эхэлсэн уйгагүй бөгөөд дайчин зан чанар нь түүнийг өнөөдөр Ази тивийн алдартан болгож чаджээ.



Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн өндөр настан Хөнгөн атлетикийн спортын мастер Чимэдцэрэнгийн Хэрлэнчимэг өдгөө 58 настай. Тэрбээр марафон гүйлтийн холбоонд 2016 оноос албан ёсны тамирчнаар бүртэгдсэн гэдэг. Хэзээнээсээ л орц цэвэрлэх ажил хийж хэвшсэн болохоор 2015 онд улсын нийслэлд очиж 13-р хороололд орон сууцанд орцны жижүүр хийж шатан дорх харанхуй өрөөнд амьдардаг байжээ. Залуу наснаасаа л амьдралын эрээн барааныг туулж хатуужил амссан болохоор ажлаа гололгүй олон ч жил орцны жижүүр хийсээр иржээ. Түүний амьдарч байсан орчин ямар ч агааржуулалтгүй, маш их чийглэг, бүгчим байсан учраас зүрх муутай болсон байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь түүний хувьд харин ч бүр том торгууль төлөх гэж буй мэт бодогдож байв.


Нэг өглөө Зайсан толгой руу гүйжээ. Дараа өдөр нь дахиад л гүйж. Ингээд тэр өглөө бүр сэрэхийн төлөө, өдөр бүр амьдрахын төлөө гүйсээр л байж. Эхэндээ цаг гаран гүйдэг байсан бол сүүлдээ хугацаа нь улам богинохон болж 50 минут, 40 минут гүйдэг болжээ. Жил гаруй гүйсний дараа “Улаанбаатар марафон” тэмцээнд анх удаа оролцоод 3-р байр эзэлсэн байна. Ингээд тэр марафон гүйлтийн төрөл бүр дээр цаашлаад, аймаг, улс, бүс, Ази тивийн тэмцээнүүдэд оролцдог болсноор жинхэнэ тамирчин болж хувирсан юм.


Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азийн ахмад мастеруудын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс эх орондоо гурван хүрэл медаль авчирчээ. Мөн өнгөрсөн жил Малайз хотод болсон Азийн анхдугаар наадамд 3 алт, нэг мөнгөн медаль хүртэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Энэ мэтчилэн түүний амжилтын цувааг жагсаавал дуусашгүй.


Ч.Хэрлэнчимэгт Хэнтий аймгаас Монгол Улсаа төлөөлж ДАШТ-д оролцоход багагүй санхүүгийн асуудал тулгараад байсан. Гэсэн ч аймаг орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтнууд түүнд тусламжийн гараа сунгаж, дэлхийн аварга болохын ерөөл өргөж, гурван сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.

Related news