Батноров суманд өрхийн тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-17 19:02:35

Хэнтий /МОНЦАМЭ/ Их Эзэн Чингис хааны дотны анд Хөлөг Баатар Боорчийн өлгий нутаг  Батноров суманд “Өрхийн тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалт, зөвлөгөөн” боллоо.

Айл гэрийн багана болсон аав нарын чуулга уулзалтад тус сумын зургаан багийн 210 өрхийн тэргүүн оролцжээ. Уулзалтын үеэр Хэнтий аймгийн “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын тэргүүн Л. Энхбаатар "Монгол хүний үнэ цэнэ", “Сэтгэлийн хөгжил” ТББ-ын тэргүүн, Удирдахуйн ухааны магистр А.Батсайхан "Гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаалах", “Хүний хөгжил-манлайллын академи”- ийн тэргүүн Б.Эрдэнэнамжилмаа “Тэнгэр заяат эр хүн танаа”, “Хүний хөгжил академи”-ийн сургагч багш А.Баттогтох “Эрүүл аж амьдрал” зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна. 

Уулзалтын төгсгөлд гэр бүлийн угийн бичиг хөтлөх, ном судар болон оюун санааны үнэт өвийг арвижуулах замаар нутаг ус, эх орноо хайрлан хамгаалж, өөрсдийн гэсэн мөрөөдөлтэй хойч үеийг бий болгон төлөвшүүлэхийг өрхийн тэргүүнүүд уриалсан юм.

Чуулга уулзалт нь өрх гэрийн тэргүүн болсон эр нөхрөө дээдэлдэг, гэрийн эзэн нь үр хүүхдээ халамжилдаг хуучин цагийн уламжлалт харилцааг өнөө цагийн нийгмийн онцлог, хүмүүс хоорондын харилцаатай уялдуулах, бэхжүүлэх болон эцэг эхчүүд гэр бүлийн хүрээнд үр хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарч хараа хяналтаа сайжруулах, мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ төрийн алба хаших, өрхийн орлого нэмэгдүүлж болохуйц ажлыг хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэйгээр хийж гүйцэтгэх зэрэг олон зорилго агуулсан хэмээн зохион байгуулагчид ярьж байлаа.

Related news