Э.Цэрэнбат: "Талын түмэн адуу" эвент гадныхны анхаарлыг их татаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Их түүхийн өлгий Хан Хэнтий нутагт маань сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хүчээ авч, жил ирэх тусам хөгжих болсон. Хэнтий аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа нэгэн залуутай ярилцлаа. “Талын түмэн адуу” өвлийн эвентийг санаачлагч, Мөнх харилцаа ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбатын хувьд Батноров сумын уугуул бөгөөд Хан Хэнтийн санаачлагч, хэрэгжүүлэгч, манлайлагч залуусын нэг билээ.
- Энэхүү өвлийн эвентийг зохион байгуулах санаа хэрхэн төрөв?
-Эзэн Чингис хаан дэлхийн
талыг эзлэх нэгэн шалтгаан нь Монгол адуу байсан тухай түүхэнд өгүүлдэг. Тэгвэл
энэхүү Монгол адуу маань өнөөдөр дөрвөн саяд хүрч, нэг хүнд ноогдох адууны тоогоор
Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Харин бидэнд энэ онцлогоо харуулж, мэдрүүлсэн,
монгол адуутай холбоотой эвент байхгүй байгаа нь энэ арга хэмжээг санаачлах,
зохион байгуулах гол шалтгаан нь болж өгсөн дөө.
- - Яагаад заавал Батноров сумын нутгийг сонгосон юм бэ?
-Батноров сум миний өссөн төрсөн нутаг юм. Энэ нутаг адуу
ихтэй. Миний багад малчин ардууд адуу маллах уламжлалаа үр удамдаа өвлүүлэх тал
дээр их анхаардаг байсан гэж боддог. Харин сүүлийн үед энэ уламжлал алдагдах
болсон байна. Тиймээс Батноров нутгаа сонгосон. Дээрээс нь энэ сум Монгол Улсын
хоёр удаагийн аварга, аймгийнхаа 20 гаруй удаагийн аварга тэргүүний Соёлын төвтэй.
Соёл урлагийн үйлчилгээ үнэхээр сайтай. Мөн талын тайган нохойны голомт нутгийн
нэг. Энэ нохойны цэвэр цусны үр удам үлдсэн гэдгээрээ онцлог. Үүнээс гадна дархцуулын өлгий шүү дээ. Сум орон нутаг,
иргэд нь өөрсдөө зохион байгуулалт сайтай учраас санаачлагыг маань маш сайхан
дэмжин ажилладаг.
- -Танай эвент өвөл зохион байгуулагддаг гэдгээрээ их онцлог
санагддаг?
-Энэхүү эвент маань өвлийн аялал жуулчлалыг
Хэнтийдээ төдийгүй Монгол Улсдаа хөгжүүлэхээр зорьсноороо маш онцлог. Зохион байгуулалтын хувьд баг маань жил ирэх бүр улам өргөжиж
байна. Төрийн түшээд, нийслэл, аймгууд, Хэнтий аймгийн болон орон нутгийн
удирдлагууд,төрийн болон ТББ-ууд, аж ахуйн нэгжүүд, иргэд
олон талаар бидний үйл ажиллагааг дэмжиж, нэгдсээр байгаа юм. Талын
түмэн адууны баяр Хэнтийчүүдийн нэгдэж хөгжих нэг шалтгаан, нэг боломж гэж харж
байгаа. Монгол адуу маллах өв соёл бол Хэнтийчүүдийн, Монголчуудын бахархах
уламжлал юм шүү дээ.
- Танай эвентийн бусдаас ялгарах онцлог юу
вэ?
-Манай эвент бусад
эвентүүдээс олон талаараа онцлог. “Шургуу” уран уургач шалгаруулах
тэмцээн, “Батноров хийцийн сайхан эмээлтэй хос” шалгаруулах жагсаал,
"Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах тэмцээн, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн
иргэдийн дууны тэмцээн, “Торгон тар” богино
зайны морьдын бооцоотой уралдаан, Морьтнуудын жагсаал гээд Монгол адууг маллах өв соёлыг жуулчдад таниулах, гайхуулах олон арга хэмжээ болдог.
Мөн “Талын тайга нохой” тал нутгийн нохойны цэвэр цус, хөтөлгөө, уяа сойлго
зэргийг шалгаруулах тэмцээн явагддаг. Үүнээс гадна Үндэсний
урлагийн тоглолт гээд зорьж очсон зочдын нүдийг баясгаж, чихийг мялаах олон
арга хэмжээг энэхүү баяртаа багтааж өгдөг.
- -Эвент улам боловсронгуй болж, зохион байгуулалтын баг өргөн
бүрэлдэхүүнтэй болж байгаа гэлээ. Ирээдүйн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш олон үр дүн гарсан.
Эвентийн үеэр нутгийн иргэдийн хийсэн брэнд бүтээгдэхүүн, дархцуулын урласан
төрөл бүрийн эдлэлүүдийн үзэсгэлэн худалдаа, соёлын арга хэмжээг зохион
байгуулж, орон нутгийн үйлдвэрлэлийг эргэлтэд оруулж чадсан. Энэ жилийн тав дахь
эвентийн үеэр энэхүү боломжийг аймаг орон нутгаас харж, аймгийн үйлдвэрлэл
эрхлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргахаар болсон байх жишээтэй.
Хэнтийчүүд нэг зорилго дор нэгдэж, нэг зүгт харж чадсанаараа өвлийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн байна. Одоогоор бид энэхүү арга хэмжээгээ Батноров суманд зохион
байгуулж байгаа ч бусад сумдын нутгаар өртөөлөх аялал маягаар зохион байгуулах
ч боломжтой. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой сум, орон
нутаг, байгууллага, хувь хүмүүст манай хаалга нээлттэй.
- -Өвлийн цагт жуулчдыг хэрхэн арга хэмжээндээ хамруулдаг вэ?
-Бид гадаад маркетинг дээр маш сайн анхаардаг. Аль ч талаасаа
өнгө үзэмж сайтай контентийг цацаж, 1-2 жилийн өмнөөс төлөвлөгөөгөө
боловсруулж, мейл маркетинг, контент маркетингийг сайтар хийдэг. Энэ жилийн
тухайд 250-300 жуулчин хүлээж авахаар төлөвлөснөөс одоогоор 80 хувьд
нь захиалга аваад байна. Ингэж тоо заасан нь энэхүү өвлийн эвент арга хэмжээгээ
жуулчдад чанартай хүргэх, соёлтой, өндөр түвшинд үйлчлэх, түүнээс төлөвлөсөн үр
дүнгээ хүртэх зорилготой юм.
-Та бүхний зохион байгуулах гэж буй
“Талын түмэн адуу” эвентийг олон улсын хэвлэлүүдэд онцолсон байсан?
-Бидний зохион байгуулдаг эвент нь олон улсын хэвлэл
мэдээллийн хэрэгслээр цацагдаж, гадныхны анхаарлыг их татаж байна. Тухайлбал,
Хятадын төв хэвлэл Шинхуа, АНУ-ын “Тhe Guardian”, Английн “Daily UK”, “Yahoo” зэрэг хэвлэл мэдээллийн
сувгуудаар манай эвентийн тухай онцлон бичиж, нийтэлсэн байсан. Түүнчлэн гэрэл
зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг нь Английн “Daily Telegraph” сэтгүүлийн 2016 оны шилдэг
амьтны зураг төрөлд шилдэг зургаар шалгарсан байх жишээтэй. Мөн “weather.com”, “asiarussia.ru”, “mailonline.com” зэрэг томоохон сайтуудад “Талын түмэн адуу”
эвент арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээлэл болон фото зургууд нийтлэгдэж
дэлхий нийтэд хүрч байна.
- -Жуулчид ямар ямар улсаас ихэвчлэн ирдэг вэ?
-Ихэнх эвентүүд гадаадын
жуулчин татах хүртлээ дотооддоо тав хүртэл жил амжилттай зохион байгуулагдаж байж
олон улсаас жуулчин татаж эхэлдэг. Харин манай эвентийн хувьд гадаад жуулчны
захиалгаа эртнээс авч эхэлсэн нь бидний хувьд үнэхээр том амжилт болж байна.
Одоогоор Англи, Сингапур, Франц, Хятад зэрэг орноос биднийг зорин ирж байгаа.
Гадныхан өвлийн бэлчээрт буй цан татсан адуун сүрэг, адуучин залуусын хүчирхэг
дүр төрх, өвлийн тал нутаг зэрэг илүү натур зүйлсийг хүсэж байгаагаа
илэрхийлсээр байгаа юм.
- -Өнгөрсөн оны “Талын түмэн адуу” фестивалийн үеэр авсан
гэрэл зурагчин Ч.Батзаяагийн
шарга азарганы зураг дэлхийд танигдсан. Сонирхоод асуухад шарга азарганы эзэн
нь ямар хүн байдаг вэ?
-Гэрэл зурагчин Ч.Батзаяа ах бол өөрөө
аялал жуулчлалын салбарт ажилладаг, мөн чадварлаг гэрэл зурагчин байгаа юм. Анх
манай эвентийг зорин ирж, гайхалтай олон зураг авсны нэг нь шарга азарганы
зураг байсан. Эвентийн зургуудаараа Монголын өвлийн ахуй, адууны зураг бүхий
нийтлэл Английн хэвлэлд нийтлүүлсэн нь шарга азарганы зураг нь алдарт дуучин
Ellie Goulding–ийн үстэй адил хэмээн дэлхийг шуугиулсан байдаг юм. Энэ алдартай
шарга азарга бол Батноров сумын 4 дүгээр багийн малчин Төмөрбаатар буюу Төнөө
хэмээх адуучны азарга юм билээ.
- Ярилцсанд баярлалаа.