“Дотуур булаг” багийнхан  тэмээний баярыг манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 16:32:58

Хэнтий аймгийн Дархан сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй бөгөөд аймагтаа сүүлийн 5 жил тасралтгүй хамгийн олон тэмээтэй сумаар шалгарлаа.

Иймээс Дарханчууд бүсийн хэмжээнд тэмээний тоо толгойг өсгөх, Монголын Нүүдэлчин соёл иргэншлийг сурталчлах аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгон тэмээтэй холбогдох Монгол ахуйгаа сурталчлан Дэлхийн сая сая жуулчдын анхаарлыг Монголдоо татахыг хүсч, зорилт тавин “Тэмээний баяр-2016” арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Л.Шагдарсүрэн тэргүүтэй “Дархан тэмээн сүрэг” ТББ, Дархан сумын ЗДТГ-тай хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг тус сумын “Дотуур булаг” багийн мянгат малчин, “Аймгийн сайн малчин”, “Дархан тэмээн сүрэг” ТББ-ын нарийг бичгийн дарга  Нямбуугийн Төвжаргал ивээн тэтгэжээ.

Тус уралдаанд 15 тэмээ уралдааны замд гарч“Дотуур булаг” багийн малчин Б.Чинсанаагийн шар ат 1-р байрт,  тус багийн малчин Ч.Баасангийн хүрэн ат 2-р байрт, тус багийн малчин Т.Төрмөнхийн халтар ат 3-р байрт  тус тус хурдалав. Шилдэг буураар Дархан сумын “Шажин” багийн малчин Ч.Батбилэгийн зургаан настай Хүрэн буур, Шилдэг ингээр “Дотуур булаг” багийн малчин Т.Төрмөнхийн зургаан настай хүрэн ингэ тус тус шалгарчээ. Мөн энэ баярын чимэг болсон нэг төрөл хос тэмээтэй сайхан хос тэмцээнд “Дотуур булаг” багийн малчин Б.Энхтүвшингийн зургаа, долоон настай хос хүрэн тэмээтэй хосууд шалгарлаа.   

Дарханчуудын тэмээтэй холбогдох  амжилтын буухиа үргэлжилж 2013 онд “Улсын шилмэл мал – 2013” үзэсгэлэн худалдаанд оролцож, Буураар тэргүүн байр, Ингээр дэд байр, 2015 онд буураар тусгай байр, Хэнтий аймагтаа хамгийн олон тэмээтэй өрхөөр 2014, 2015 онд Н.Төвжаргал, Х.Бат-Эрдэнэ, Б.Чинсанаа нар нь шалгарчээ. Аймаг орон нутгаас тэмээн сүргийн тоо толгойг өсгөх бодлого баримталж, ботгонд бонус буюу урамшуулал өгч байгаа нь тэмээн сүргийн тоо толгой өсөхөд ихээхэн тус хүргэж байгааг сумын удирдлагууд онцолж байлаа. Сүүлийн 3 жилд  давхардсан тоогоор тус сумын 36 өрх 9,1 сая төгрөгийн ботгоны урамшуулалд хамрагджээ.

"Тэмээний баяр - 2016" наадмын үеэр Дархан сумын “Дотуур булаг” багийн “Мянгат малчин” ахмад настан Тарвийн Чулуунхүү “Хөдөө Аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” Хүндэт тэмдгээр шагнуулж тэмээчин түмний хөдөлмөр төрд үнэлэгдлээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news