Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-02-11 11:16:30

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Авто тээврийн үндэсний төвөөс цаг агаар хүйтэрч, ихэнх нутгаар цасан шуурга болох төлөвтэй байгаа тул малчид, тээвэрчдэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан байна.

Тухайлбал, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Төв аймгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр, өнөөдөр Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга болох төлөвтэй талаар мэдээллэв.

Хүчтэй салхи шуурганы үеэр замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч зам тээврийн осол гарах, тээврийн хэрэгслүүд замд олноор саатах, эвдрэх, шатахуун дуусах, утсан холбоогүй болох зэрэг эрсдэл учирдаг тул орон нутгийн замд гарахдаа цаг агаарын бодит мэдээ мэдээллийг авч, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газрар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр 30-35 хэм, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Related news