P.Эрдэнэбаяр:Нийт иргэдэд зориулж урамшууллын тогтолцоо бий болгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 13:17:43

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийн талаар аймгийн Татварын хэлтсийн мэдээлэл хариуцсан ажилтан P.Эрдэнэбаяраас тодрууллаа.  

- Шинэ хуулинд маш олон өөрчлөлт орсон байна.Энэ тухай тайлбарлаж өгнө үү?

-Тиймээ. Жишээ хэлэхэд хуулийн тодорхой бус байдлыг арилгасан, НӨАТ төлөгч болон суутган төлөгчийг ангилсан, НӨАТ-н босгыг нэмэгдүүлсэн, сайн дураар НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх боломжийг олгосон гэх мэт өөрчлөлтүүд гарсан.

Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч байна.

Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгч хувь хүн НӨАТ төлөгч байна. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна. Суутган төлөгч сар бүр НӨАТ-ын тайлангаа татварын албанд гаргаж өгнө.

-Мөн нийт иргэдэд зориулж урамшууллын тогтолцоо бий болгосон гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-НӨАТ-г буцаан олгох, сугалаанд оролцуулах асуудлыг хуульчилж оруулж өгсөн байгаа. НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авалт хийсэн тохиолдолд нийт худалдан авалтын 2 хүртэл хувийг буцаан авахаас гадна сугалаанд оролцох эрх давхар үүснэ. Харин суутган төлөгч бус газраас худалдан авалт хийвэл зөвхөн сугалаанд оролцох эрх үүснэ.

Иргэд худалдан авалт хийх явцад тухайн борлуулагч худалдан авалтын баримт өгөхгүй бол та татварын албанд хандах эрхтэй. Борлуулагч бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол ТЕХ-н 74-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгоно. Бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгох арга хэмжээ авна.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн татварын хэлстийн албан шаардлагыг нийт байцаагчид Жаргалант сум болон нийт сумдын татвар төлөгчдөд тараан ажиллаж байна. Албан шаардлагын сүүлийн хугацаа 1 дүгээр сарын 15-нд дуусна.

А.Бямбасүрэн

 

Related news