“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравт зориулан гэр урлан байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-14 10:22:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааныг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан Улаанбаатар хот дахь Жаргалтхаан сумын нутгийн зөвлөл, Б.Шарав сан хамтран ийнхүү зохион байгуулсан байна.

Наадмын нээлтэд Үндэсний урлагийн их театрын төрийн найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын удирдлагаар хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон” аялгууг эгшиглүүллээ. Тус театрынхны хувьд “Сэрсэн тал” зохиол түүхэндээ хамгийн олон удаа тоглосон бүтээл  нь аж.

“Сэрсэн тал” хөгжмийн наадмын уралдааны ерөнхий шүүгчээр ДБЭТ-ын ерөнхий захирал, МУГЖ Ц.Түвшинтөгс, шүүгчээр Үндэсний Урлагийн Их Театрын Ерөнхий Удирдаач МУУГЗ Н.Буянбаатар, хөгжмийн зохиолч, МУСТА С.Тараа нар ажиллав.
 
Энэхүү хөгжмийн наадамд улсын хэмжээний соёл, урлагийн байгууллагын 42 залуу уран бүтээлч оролцсон юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус наадмын тэргүүн байранд ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА С.Бат-Эрдэнэ, 2-р байранд ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА О.Хүрэлбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат, 3-р байранд ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү, Цагдаагийн Сүлд чуулгын дуучин Г.Ганшагай, Үндэсний Урлагийн Их Театрын дуучин П.Баярмагнай, Тусгай байранд ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гомбо-Очир, ДБЭТ-ын гоцлол дуучин Г.Энхнаран, ЦДБЭЧуулгын дуучин Г.Мөнхбат, Хан Хэнтий чуулгын дуучин Э.Ганзолбоо, Шилдэг концертмейстрээр МУГЖ Б.Солонго нар тус тус шалгарч таван саяас 500 мянган төгрөг, өргөмжлөл гардлаа.



Хөгжмийн наадмын үеэр Жаргалтхаан сумын удирдлагууд Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравт зориулан 0,2 га өмчлөлийн газар бүхий 64 м.кв талбайтай уран бүтээлийн гэр урланг байгуулснаа албан ёсоор нээлээ. Урлангийн өрөөний тохижилтыг УИХ-ын гишүүн, УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. 

Урлангийн нээлтийн үйл ажиллагаанд Сумын Засаг дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цогт-Орших, ИТХ-ын дарга Ц.Цогбат, УИХ-ын гишүүн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн бие төлөөлөгч Л.Намуунгэрэл, УБ хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Цогтбаатар, М.Батбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУАЖ Зууны манлай дуурийн дуучин Н.Уртнасан, МУАЖ Н.Жанцанноров МУАЖ Ч.Шархүүхэн, МУАЖ А.Долгор, МУГЖ О.Ичинхорлоо, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Түвшинтөгс, Үндэсний Урлагийн Их Театрын Ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар, МУСГЗ, яруу найрагч Ж.Саруулбуян, МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МУСГЗ хөгжим судлаач Ч.Буянхишиг нарын хүндэт зочид оролцлоо.

Наадмын Гала тоглолтод урлаг соёлын одод уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөсөн нь олон хүний сэтгэлийг баясгав. Гала тоглолтын үеэр Жаргалтхаан сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш, авьяаслаг уран бүтээлч Д.Алтангэрэл “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, сумын уран сайханч Чулуут багийн малчин Г.Уламбаяр “Тэргүүний ардын авьяастан” цол тэмдгээр тус тус шагнуулсныг Соёл Урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат гардуулж, баяр хүргэлээ. 

Дуу хөгжмийн наадмыг цаашид хөгжмийн зохиолчийн төрөлх нутаг болох Жаргалтхаан суманд уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Д.Одонтунгалаг

 

Related news