Авто үйлчилгээний салбарт нэрээ тодотгосон бизнесмэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-12 11:43:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Шангри-Ла моллд байрлах “VIP Car wash” автомашины мэргэжлийн угаалгын үйлчилгээний талаар та сонссон байх. Энэ бол кино үзэж, дэлгүүр хэсэнгээ мэргэжлийн авто угаалгын үйлчилгээг авах боломжтой цорын ганц газар. Харин энэхүү сайхан үйлчилгээг санаачлан эхлүүлж, одоог болтол удирдан яваа бизнесмэн бол Хэнтий аймгийн уугуул Ө.Эрдэнэболд юм. Тэрбээр Өндөрхаанд төрж өссөн. Түүний аав Батын Өвгөнхүү Баянмөнх сумын харъяат. Усны аж ахуйн газарт өрөмдлөгийн мастераар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн. Б.Өвгөнхүү гуай бөхөд их хорхойтой, Монгол Улсын ахлах цоллооч, бөхийн засуул хүн юм. Харин Ө.Эрдэнэболд бол радио холбооны инженер, Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистр мэргэжилтэй.

Тэрбээр Нэгдүгээр арван жилийн сургуульд зургадугаар анги хүртлээ сурч, долдугаар ангид ордог жил Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Дунд сургууль элсэлт авч, цахилгаан электроникийн ангид элсэн оржээ. Анги дааж авсан Эрийнтовч багшаасаа их зүйлийг сурч, радио холбооны чиглэлээр  сонирхох болсон. Тиймээс сонирхлоо хөгжүүлэхээр 1995 онд ТИС-ийн радио холбооны инженерийн ангид элсэн суралцсан аж. Одоог хүртэл Эрийнтовч багшаараа бахархаж, сэтгэлийн үзүүрт гийх нэгээхэн дурсамжаа хөглөн яваа.

Түүнийг сургуулиа төгсөхөд үүрэн холбооны компаниуд дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Шинэ салбарт радио холбооны мэргэжлээрээ ажиллахаас илүүтэйгээр худалдаа, бизнесийн чиглэлээр хүч үзэхээр шийджээ. Тухайн үедээ шинээр зах зээл дээр гарч ирж байгаа LD хэмээх тамхины шинэхэн компаний цорын ганц ажилтан болж, менежерээр ажиллаж эхлэв. Ажлынхаа хажуугаар UBS телевизийн “Глобал сео 2” реалити шоунд оролцож, шилдэг 16-д шалгарсан байна. Тус реалити шоунд амжилттай оролцсоны дараа олон компаниудаас удирдах албаны саналууд ирж, тэдгээр саналууд дотроос “Эрдэнэт, Дархан Түгээлтийн Сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг сонгон ажиллах болжээ.

Энэ үед түүний найз Солонгосоос ирээд хууч хөөрсөн нь тэдний хамтын бизнесийн түлхүүр байв. Түүний найз Солонгост байхдаа мэргэжлийн авто угаалгын газарт ажиллаж байсан тухайгаа ярьж, хамтдаа ажиллахаар зориг шулууджээ. Ийнхүү найзуудын хамтын бизнес 2011 онд эхлэн, “VIP Car wash” хэмээн олноо танигдсан мэргэжлийн автомашин угаалгын үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэв. Анхны салбараа Замын цагдаагийн газрын зүүн урд талын “Бодь автомотив” ХХК-ийн байранд нээжээ. Залуус 80000 төгрөгөөр автомашин угааж эхэлсэн нь олныг гайхашруулсан байна. Учир нь тухайн үед машиныг 15-20 мянган төгрөгөөр угаадаг байлаа.

Харин машиныг шинэ болтол угааж болдог юм уу, ингэж угаалгах бас зүгээр юм, сайхан үйлчилгээтэй газар байна гэх олны талархлын үгс тэдэнд урам болжээ. Хөдөлмөрөө үнэлүүлж, урмаар жигүүрлэх бизнесмэн залуу дөрвөн салбартай болж Эрдэнэт хотод хүртэл салбараа нээжээ. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг 100 хувь байлгахад байнга анхаарна. Тиймээс ч АНУ-ын алдарт Meguiar`s брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлчилгээндээ ашигласнаар монголдоо нийтлэг хэрэглээг бий болгожээ. Гэсэн ч үргэлж шинийг эрэлхийлж, судалгаа шинжилгээ хийсээр байв. Герман, Япон, Турк, Солонгос гээд олон улсад үйлдвэрлэсэн машины лакны хатуулаг, өнгөө хэр хугацаанд алдаж гунддаг, сэв зураас хэр хурдан үүсч байна гээд их зүйлийг судлав. Эцэст нь өөрийн өнгөө удаан хадгалдаг Германы Нано технологийг сонгожээ. Ийнхүү "VIP car wash" компани 2016 оноос ХБНГУ-ын NANOLEX брэндийг Монгол Улсад албан ёсоор төлөөлөх эрх, үйлчилгээний сертификатыг авч, автомашины иж бүрэн НАНО хамгаалалтын үйлчилгээг нэвтрүүлэв.

Монголдоо удаан хугацаанд унасан машинаа шинэ болгож, лак, обуд, гэрэл, дугуй, дотор салон гээд бүх гадаргуун дээрээ хамгаалалт хийлгэснээр ойрын таван жилдээ өнгөө алдахгүй байх боломжийг Нано үйлчилгээ олгодог байна. NANOLEX брэндийн автомашины будаг, обуд хамгаалах керамик, нано түрхлэг, салоны арьс, даавуун эдлэл, шил, их гэрэл болон арын гэрлийн нано хамгаалалтын үйлчилгээг энэ хамт олон хийдэг. Мөн автомашины хуванцар эд анги, резинэн эд ангийн өнгө, уян хатан байдлыг сэргээх, хамгаалах түрхлэгийг ч хэрэглэдэг. Энэхүү Нано хамгаалалтын иж бүрдэл үйлчилгээг бүтэн гурван өдөр хийнэ. Ингэснээр автомашиныг тань 100% шилэн гадаргуугаар хамгаалдаг аж. Мөн өвөл цантахгүй, борооны ус, шавар, шороо тогтохгүй, салхинд зурагдаж гандахгүй гэх мэтээр цаг агаарын бүхий л хүчин зүйлсээс хамгаалагддаг. Үр дүн нь байнга шил толь мэт гялалзсан шинэхэн машинтайгаа явах боломж юм.

Энэ мэт шинэ технологи, оновчтой үйлчилгээг нэвтрүүлэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн хөдөлмөрлөсний үр дүнд салбартаа тэргүүн эгнээнд жагсах болж, үнийн бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Мөн өөрийн гэсэн хэрэглэгчтэй, байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байна. Зарим хүмүүс жилдээ нэг удаа мэргэжлийн угаалгад машинаа оруулж хэвшсэн нь үйлчилгээний чанарыг илтгэнэ. Машины үзэмж, чанарыг харуулах үйлчилгээний хөлс 50,000–3,000,000 хүртэл төгрөгийн үнэтэй байгаа нь энгийн авто угаалгуудаас ялгаатай “мэргэжлийн” гэх тодотголтойг харуулдаг.

Олсон ашгаа зөв зарцуулахаас гадна хамт олноо манлайлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлана гэдэг удирдагч бөгөөд бизнесмэн хүний чанар. Тиймээс ч Ө.Эрдэнэболд захирал олон жилийн хугацаанд хариу нэхэлгүйгээр сайн үйлсийн ажлуудыг хийсээр ирсэн байдаг. Жил болгоны 3 дугаар сарын 8-ны Эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэй жолооч нарын машиныг үнэгүй угаадаг бол 3 дугаар сарын 18-ны Цэргийн баяраар эрчүүдээ баярлуулж байсан. Жил болгоны Хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг өгөхдөө тун дуртай. Мөн жил болгоны Цагаан сараар ахмадуудаа марталгүй гарыг нь цайлгадаг уламжлалтай. Энэ жилийн Хүүхдийн баяраар гэхэд Ө.Эрдэнэболд өөрийн хүүхдүүдээс гадна Улаанчулуутын хүүхдүүдийн “өндөр ээж” Сарнайг зорин 30 хүүхдийг баярлуулсан юм. Хүүхдүүдээ энэ сайхан үйлсэд оролцуулж, хамтдаа баярласан нь дурсамж дүүрэн цаг хугацаа, эерэг хүмүүжлийн нандин бэлэг гэлтэй.

Ө.Эрдэнэболд Улаанчулуутын хогийн цэг дээр ч очиж хүүхдүүд баярлуулна. Аав ээж нь архины хамааралтай, зарим нь өнчин хүүхдүүдийг Сарнай бүсгүй өөрийн хүүхдүүд шиг хооллож ундлан, асарч тойлохыг хараад зүрх нь шимшрэвч бахдах сэтгэлийг түүнд төрүүлжээ. Тиймээс Герман улсад олон жил хөдөлмөрлөж, сайн үйлсийн ажилд гар бие оролцдог Дэлгэр эгчтэйгээ хамт Сарнайд туслах ажлыг зохион байгуулав. Тухайн үед хаус барих ажлыг эрхэлж байсан Ө.Эрдэнэболд гурил будаа өгснөөс байшин барьж өгч, тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлье гэсэн саналыг гаргажээ. Энэхүү саналыг дэмжсэн бүсгүйчүүд 600 хүүхдийн асрамжийн газрыг барихаар төлөвлөж буйгаа ярьжээ. Хамтдаа хандив тусламжийн аян өрнүүлж, сайхан сэтгэлт монголчууд 45 сая төгрөгийн дэм үзүүлэв. Цугларсан мөнгөөрөө асрамжийн газрыг ашиг харалгүй, өртгөөр нь барих ажлыг эхлүүлжээ. Нийслэлийн Газрын албанаас Шувуун фабрикт зургаан айлын газар өгсөн тул 300 м2 байшингийн сууриа цутган, төмөр карказ босгосон байна. Гэтэл сайн юманд садаа мундахгүй гээчийн зүйл болов. Атаархсан, хардсан зарим хүмүүс буруу ойлголтыг цацах болсноор монголчуудаа талцуулж, хөөрхий хүүхдүүд хогийн цэгтээ үлджээ. Гэсэн ч барилгаа үргэлжлүүлэн барьж, асрамжийн газраа босгох хүслээ орхилгүй одоог болтол боломж хайн явна.

Ө.Эрдэнэболд улс төрийн тогоонд орж үзсэн хүн. Үр хойчдоо элэг бүтэн, сайхан нийгмийг үлдээх хүсэл нь түүнийг улс төр лүү хөтөлжээ. Монголдоо нүүрлээд байгаа энэ хямралтай нийгэм, аймшигтай аалзны торыг үгүй хийх сэтгэл нь түүнийг 2016 онд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихэд хүргэсэн байна. УИХ-ын гишүүн болж чадаагүй ч нөлөө бүхий арван бие даагчийн нэгд орсон нь түүнийг дэмжигчид олон байсныг харуулна.

Зөв сэтгэлтэй хүмүүс төрийн байгууллагад ажиллаж, төрийн түшээд болоосой гэсэн түүний бодолд нар гийж эхэлжээ. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал гээд боловсролтой, мэдлэгтэй залуу түшээд зөв ярьж, хийж байгааг хараад бахдах болов. Гэвч энэ аалзны торыг задлахад хугацаа хэрэгтэй. Өргөс авах адил амар биш тул хүлээж л сууна. Зарим залуус хэтэрхий улс төржин туйлширч, дарга, захирал болох хүсэлдээ хөтлөгдөн улс орны хөгжлийг чангааж буйд тэр сэтгэл зовнино.

Нарийн мэргэшсэн, мэргэжлийн дадлага туршлагатай хүмүүс нийгмийг бүтээдэг. Тиймээс ч тэр “Ажил  хүнийг голно, хүн ажлыг голдоггүй” гэж хэлэх дуртай. Тэрбээр: “Одооны залуучууд ажил хийж чадахгүй болсон байна. Би нарийн боовны цехэд шарагч, ачигч, бармен, зөөгч хийж, өвлийн хүйтэнд хөлдүү нэхий ч ачаад явж байлаа. Вагон дүүрэн өмхийрсэн яс ачаад 5000 төгрөг авдаг байсан. Ийм ажил хийгээд миний амьдрал муудсан юм байхгүй. Зүгээр байж байгаад улсаас мөнгө авах сонирхолтой халамжийн бодлогоор яваад байна. Жаахан ажиллаж байснаа шантраад, ганц нэг загнавал ажлаа хаяад явдаг. Ажилд орох гэж ирээд голоод яваад өгнө. Ийм байвал энэ улс орон яаж хөгжих вэ? Дээд мэргэжилтэй худалдагч, касс олноороо бий боллоо. Залуус маань хий мөрөөдөхөө больж, нарийн мэргэжил эзэмшин, үнэнчээр ажиллаасай гэж боддог. Ажилдаа чин үнэнчээр, сэтгэлтэй ажиллавал захирлууд нь дэмжиж, урамшуулдаг. Би энэ ажлыг яг хийнэ, насан туршдаа миний энэ ажил намайг тэжээнэ, энэ ажлынхаа төлөө би зүтгэнэ гэсэн хүнийг ажилд авбал тэр хүнээс ажлын үр дүн гардаг. Ажилд хүнийг сургаж болдог. Сэтгэлгүй сайн мэргэжилтэнг ажилд авахаас илүү сэтгэлтэй зөв бодолтой хүнийг ажилд авахыг илүүд үздэг” гэлээ.

Хөдөлмөр зүтгэлийнхээ шимийг залууст хүртээн, сайн үйлсэд сэтгэл чилээх түүнд чөлөөт цаг тун бага. Гэсэн хэдий ч өөрөө өөртөө цаг зав гарган фитнесийн бэлтгэлдээ явах нь Ө.Эрдэнэболдод хамгаас чухал. Бэлтгэлийн үеэр найзуудтайгаа уулзан, биеэ чийрэгжүүлэх нь сайхан боломж. Бэлтгэлийнхээ үеэр уулзан, яриаг нь сонсох дуртай хүмүүсийн нэг бол Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга. Тэд хамтдаа бэлтгэл хийгээд гурав, дөрвөн жилийг үджээ. Нэгэн жилийн Цагаан сараар ерөнхийлөгч маань Женко торго хэмээн олны ярьдаг цоохор торгон үстэй дээлээ түүнд бэлэглэсэн байна. Түүний гэнэтийн болоод нандин бэлгийг тэрбээр ихэд дээдэлдэг. Тэр сайхан энерги шингэсэн дээлийг сэвтээхгүй авч явна гэдэг их хариуцлага юм.

Сайн явах санааных гэдэг. Сайхан хамт олныг бүрдүүлж, сайн үйлсийг өрнүүлэн, хүн зоныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа Өвгөнхүүгийн Эрдэнэболд хэмээх Хан Хэнтийн унаган залуугийн ажлын амжилт, алсын зорилгоос хуваалцахад ийм буюу.

Д.Одонтунгалаг

Related news