Сутай хайрхан уулыг Улсын тусгай хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-11 20:21:44
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумд орших байгалийн үзэсгэлэнт газар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын бүс нутаг болон Сутай хайрхан уулыг Улсын тусгай хамгаалалтад авчээ.
2007 оны Ерөнхийлөгчийн 183 тоот зарлигаар Говь-Алтай аймгийн Тонхил, Дарив, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутгийг хамран орших Сутай хайрханыг төрийн тахилгатай уул болгосон бол өдгөө Монгол Улсын тусгай хамгаалалтад авч байна. 
Харин Ховд аймгийн Үенч, Алтай, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумдын нутгийн өмнөд хэсэг буюу улсын хил хүртэлх өргөн уудам нутгийг хамардаг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын бүс нутгийг 1975 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байсан бол энэ удаа хамгаалах бүс нутгийн хэмжээг тэлж, Улсын тусгай хамгаалалтад авахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын бүс нутагт 1992 оноос хойш уугуул нутагтаа бүрэн устсан Монгол тахийг сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах популяци бий болгох, говь, цөлийн экосистемийг судлан хамгаалж, унаган төрхийг нь хадгалан үлдээх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болжээ. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ