Дорнод аймгийн хөгжлийн хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-11 13:25:01
Дорнод /МОНЦАМЭ/. “Дорнод сэргэн мандалт” 2016-2025 оны хөгжлийн хөтөлбөр 42 хувийн хэрэгжилттэй байна. Энэ талаар саяхан болсон бүх шатны хурлын болон Засаг дарга нарын уулзалтын үеэр танилцуулж, цаашид нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хөтөлбөрт салхи оруулах, хэрхэн хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцжээ.
1990 оноос өмнөх тус аймгийн хөгжлийн бодлого дахь эдийн засгийн үндэс нь хүнс, хөдөө аж ахуй болон тус салбарт суурилсан хөнгөн үйлдвэрлэл, мөн эрдэс баялгийн салбар байсан юм. Эдгээр салбар нь өнөөдөр ч гэсэн эдийн засгийн утга, ач холбогдлоо алдаагүй харин ч орчин үеийн шинжлэх ухаан технологийн дэвшил, газарзүйн байршлын давуу тал, хөрш орнуудтайгаа харилцах хамтын ажиллагаан дээр тулгуурлан улам боловсронгуй болж, эдийн засгаа солонгоруулж чадах бүрэн боломжийг харуулдаг гэдгийг уулзалтын үеэр тодотгож байлаа.
Энэхүү хөтөлбөрийг 2015 онд аймгийн ИТХ-аар батлуулж, 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Аль ч салбар ажил хэргээ хөгжлийн бодлоготойгоо уялдуулснаар үр дүн эхнээсээ гарч эхэлсэн гэдгийг тус аймгийн удирдлага онцолж байна. Тухайлбал, Дорнодчууд боловсролын салбарын амжилтаараа сүүлийн таван жилийн турш улсад тэргүүлж, энэ онд шилдгээр шалгарсан, хүний хөгжлийн үзүүлэлт дээшилсэн зэргийг дурдаж болох юм.
Хөтөлбөрийн гол заалтуудын дийлэнх нь хүний хөгжилд чиглэснээрээ давуу талтай. Энэ оноос эхлэн эрүүл мэндийн салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийж, ХБИ-рүү чиглэсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсад анх удаа хүний хөгжлийн ордонтой болохоор зорьж байна. Түүнчлэн ХХАА-н салбараас гадна Дорнод аймаг дахь уул уурхайн компаниудаас улсын төсөвт оруулдаг хувь хэмжээг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тал дээр голлон ажиллаж, эндээс бүрдсэн нэмэлт орлогыг байшин барилга барихаас илүүтэйгээр хүний хөгжилд зарцуулах бодлого барьж байгаа гэлээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ