Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 7 хүний намь нас хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-10 17:20:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 08,09 буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 605 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 425 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 7 хүний амь нас хохирч, нийслэлд 17 хүн гэмтэж бэртсэнээс 4 нь бага насны хүүхэд байв. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 119 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллав. 
Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх  нь автомашинтайгаа онхолдсон хэрэг гарсан нь хурд хэтрүүлэх, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ  авч чадаагүй зэргээс үүдэлтэй байна. Түүнчлэн амралтын өдрүүдэд осол гаргаад хэргийн газрыг орхин явсан 7 үйлдэл бүртгэгдсэний гурвыг нь алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалт явуулж байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: 2018.09.08-ны өдөр 09 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт  асфальтан замд амины T.Probox маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 3 хүний  амь нас хохирсон,
ХУД-ийн 19-ийн үйлчилгээний төвийн арын замд T.Crown маркийн автомашины жолооч ээжийн хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 6 настай Б-г мөргөж гэмтээснийг  шалгаж байна.

Статистик судалгаанаас үзэхэд 2018 оны эхний 8 сарын байдлаар Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 18663 зам тээврийн осол бүртгэн шалгаж шийдвэрлэжээ. Зам тээврийн ослын улмаас 192 хүний амь нас хохирсоны 135 буюу 70 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Энэ тоон үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 28,6 хувиар, орон нутагт 35 хувиар тус тус буурсан хэдий ч бага хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт юм.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зорчигчдын тэр дундаа жолоочийн оролцоо маш чухал үүрэгтэй тул замын хөдөлгөөний хууль дүрмийн заалтыг зөрчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ